Хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой сонсгол ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-21 07:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.


Тус хуралдаанаас Нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны сонсголыг ирэх сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны сонсгол гурван үе шаттай болж өнгөрлөө. Харин Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны сонсгол хэдэн үе шаттай байх талаар асуулт асуув. Асуултад Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны ажлын цар хүрээ өргөн байснаас үүдэн хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Харин манай Хянан шалгах түр хорооны хувьд Хөгжлийн банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн хариулсан юм.

Холбоотой мэдээ