ОРХОН: Эрдэнэт хот зэсийн нөөцтэй ч усны нөөцгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-22 13:35:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хот усаа татаж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн холоос усаа тээвэрлэж хэрэглэдэг аймаг бол Орхон юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сэлэнгэ мөрнөөс 24 гүний худгаас ус олборлож өргөлтийн 4 насосын станцаар дамжуулан усаа хотын төвлөрсөн шугамд шахдаг. Үүнийг нь Эрдэнэт хотын орон сууцны хорооллын айл өрх, үйлдвэр8 аж ахуйн нэгж хэрэглэдэг бол гэр хорооллын иргэд гүний худгийн ус уудаг. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг усыг олборлохдоо гүний худаг, гол мөрнөөс авдаг. Ус бидэнд асар өндөр өртөг, үнэ цэнтэйгээр ирдэг гэсэн үг.   

Нэг литр усыг олборлоод, дамжуулаад, түгээх бодит зардал нь 2021 онд 8,28 төгрөг байсан ч 3 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Усыг түгээж, дамжуулах үүрэгтэй “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК 1 литр тутамд 5,28 төгрөгийн алдагдал хүлээж байна.

Тэгэхээр усыг бид гамнахаас өөр сонголт байхгүй. Бид алхам тутамдаа усны зохистой хэрэглээг мөрдөх ёстой юм.

Эрдэнэт хот зэсийн нөөцтэй ч усны нөөцгүй буюу 1 тонн зэс дэлхийн зах зээлд дунджаар 33,566,400 төгрөг байхад 1 тонн ус 1617 төгрөг байна.

Ус, сувгийн удирдах газраас цэвэр, бохир усны үнийг тогтоодог. Үүний дагуу 65 км-ийн холоос усаа тээвэрлэдэг Орхон аймагт 1 литр цэвэр усны үнэ 1,62 төгрөг,  хоёр км-ийн холоос усаа тээвэрлэдэг Булган аймагт 2.20 төгрөг, 10 км-ийн холоос тээвэрлэдэг Дархан-Уул аймагт 1,45 төгрөг байна. Орхон аймагтай хөрш, зэргэлдээх аймгийн нэг литр цэвэр усны үнийг харьцуулахад ийм байна.

Усыг олборлоод, тээвэрлээд, дамжуулахад зарцуулсан бодит үнээр нь бид усыг худалдаж авч хэрэглэдэггүй. Учир нь иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан хүчээр “хямдруулдаг” гэсэн үг юм. Гэхдээ энэ цаашид удаан үргэлжилбэл усны үнэ цэнийг мэдрэхгүй байсаар ирээдүй хойч үеэ бид харангадуулахад ойрхон ирээд байна.  

Усыг гамнах, хайрлахаас гадна усны хариуцлагатай төлөвлөлт, удирдлага, ус хайгуулын судалгаа, шинжилгээ, усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах хэрэгтэйг дээрх тоон мэдээлэл баталж байгаа юм.

Өнөөдөр тохиож буй дэлхийн Усны өдрийг олон улс “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.

Өөрчлөлтийг хурдасгахын тулд  усны өөрийн өртгийнх нь бодит үнэнг бид хүлээн зөвшөөрөхөөс эхлэх болов уу.

 

Холбоотой мэдээ