SCMP: Монгол Улс нэгдсэн зах зээлээс татгалзаж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-22 16:25:35

УЛААНБААТАР. /SCMP/. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэгдсэн зах зээлээс хамааралтай байдлаа багасгах талаар “ярилцаж байна” гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Үүний зэрэгцээ тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд цар тахлын дараах хямралаас сэргэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэхийг БНХАУ, АНУ-д уриаллаа.


Эдийн засгаа сэргээхийн тулд хүчин чармайлт гаргаж байгаатай зэрэгцэн геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнэ саяхан нийслэл Улаанбаатар хот дахь өөрийн ажлын байрандаа хэвлэлүүдэд ганцаарчилсан ярилцлага өгөх үеэрээ Хонконгт төвтэй “South China Morning Post” сонины сурвалжлагчтай уулзаж ярилцжээ.


“Бид дэлхийн бүх улс орон, бүх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй, тэдэнтэй бизнес эрхлэхэд бэлэн байна. Европын Холбоо болон Франц, Герман зэрэг тус холбооны гишүүн орнууд, мөн Япон, БНСУ зэрэг олон улсын бусад түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллах талаар бид хэлэлцээ өрнүүлж байна” гэж тэрбээр хэллээ.


Хятад, Оросын дунд хавчуулагдсан, далайд гарцгүй хоёр дахь том орон болох Монгол Улс хүчирхэг холбоотон нь байсан ЗХУ-ыг задран унасны дараах сүүлийн гуч гаруй жил өөрийн гэсэн ардчиллын замаар замнаж ирсэн билээ.


Дөчин хоёр насандаа Монголын хамгийн залуу удирдагчдын нэг болсон Л.Оюун-Эрдэнэ хүн амынх нь 65 орчим хувийг 40-өөс доош насныхан эзэлж байгааг онцоллоо. Тэрбээр улсынхаа “ардчилалд шилжих үе”-ийг туулж өнгөрүүлсэн бөгөөд түүний хэлснээр энэ үйл явц нь Монгол Улсын хувьд дипломат болон худалдааны үйл ажиллагаанд тэнцвэрийг авчирчээ.  


Уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, ядуурал дэлхий нийтийг сорьж байгаа энэ цаг үед олон улсын харилцааг зохицуулахад дагаж мөрдөх ёстой “гол зарчим” бол бүх улс орон энх тайвныг сахин хамгаалахад анхаарч, харилцан ойлголцох, хүндэтгэх бодлогыг баримтлах юм гэж тэрбээр нэмж хэлэв.


“Орос, Хятадтай өрнүүлж буй манай харилцааны талаар олон маргаан гарч байгаа. Гэхдээ хөрш хоёр орон маань манай газарзүйн өвөрмөц байршлыг бүрэн ойлгож, үнэлдэг гэдэгт бид итгэдэг” гэж Монголын Ерөнхий сайд хэллээ.


Тэрбээр мөн “АНУ, Хятад хоёр бол дэлхийг манлайлан удирдах үүрэг хүлээсэн их гүрнүүд” гэж хэлсэн байна.


“Дэлхий даяар байгалийн нөөц багасаж байна. Бид дэлхийн хэмжээний ийм асуудлуудыг шийдвэрлэхэд голчлон анхаарч, хамтран ажиллах ёстой” гэв.


АНУ, Хятад хоорондоо ялгаатай, мөн өөр өөр бодлого баримталдаг ч дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд тэгш боломж байгаа гэдэгт би итгэдэг гэж ярилаа.


Монгол Улс сүүлийн саруудад тэдгээр хоёр улсын аль алинтай нь гэрээ хэлэлцээр байгуулсан нь шуугиан тарьсан. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улс БНХАУ-тай “хамтын ажиллагааны баримт бичгүүд”-д гарын үсэг зурснаар худалдааны харилцаа сайжирсан. Мөн өнгөрсөн сард АНУ, Монголын төлөөлөгчид эдийн засгийн бодлогын асуудлаарх дөрөв дэх яриа хэлэлцээгээ Вашингтонд хийсэн юм.


Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, манай улсын залуу үе “барууны соёл руу хэлбийх хандлагатай байгаа” гэв. Гэсэн хэдий ч “Сант Марал” сангаас 5-6 дугаар сарын хооронд олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, түүнд оролцсон 1200 хүний 83.8 хувь нь Оросыг Монголын “хамгийн сайн түнш” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол 36 хувь нь Хятад, 17.7 хувь нь АНУ гэсэн хариулт өгчээ.


Лондоны Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн “LSE IDEAS” судалгааны төвийн ажиглагч Билл Бикалес, “Украин руу довтолсных нь дараа Монгол Улс Оростой харилцаагаа таслаагүй нь тодорхой” гэж хэлсэн юм.


“Тэд НҮБ-ын бүх санал хураалтад няхуур хандаж түдгэлзсээр ирсэн. Монголчуудын маш цөөхөн хэсэг нь л Оросуудыг буруушаахад бэлэн байдаг. Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх нь тэдний хувьд маш чухал юм” гэж тэрбээр ярилаа.


Л.Оюун-Эрдэнэ Хятадыг улсынхаа худалдааны хамгийн том түнш гэж тодорхойлсон. Монгол Улсын экспортын 95 орчим хувь нь үндсэндээ Хятад руу гардаг. Энэ нь тус улсад бараа ачиж тээвэрлэх боомтууд байдаггүйтэй холбоотой.


“Хятадын Засгийн газар манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд бидний хөгжлийн замнал, Монголын ард түмний сонгосон төрийн тогтолцоог хүндэтгэдэг” гэж тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ