Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-24 14:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэд хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэв.


Тэрбээр, “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-ны дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллана” гэсэн юм.


НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар ярихдаа, “Нэг хүнд ногдож буй ногоон байгууламж дэлхийн дунджаас харьцангуй бага байдгаас нийслэлийн иргэд тоосжилт, хөрс, агаарын бохирдол ихээр өртдөг. Өнгөрсөн 30 жилд зам тавихын тулд аж ахуйн нэгжүүд стандартаа худалдаж авч байсан. Тухайлбал, зам тавих 10 төрлийн стандартыг энд тэндээс цуглуулж авдгаас болж халтирдаг хавтангаар зам тавих гэх мэт асуудал үүсэж байсан. Өнгөрсөн онд хотын 38 стандартыг баталсан.  Одоо ч үргэлжлүүлэн баталж байна. Үүнд явган хүний замыг ямар материалаар, хэрхэн хийх тухай тодорхой заасан хэмээв. 



Холбоотой мэдээ