Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-03-24 15:08:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлснийг танилцууллаа. 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би өөрийн хүсэлтээр сайдын албанаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт надад даалгасан ажил бол хууль, эрх зүйн шинэчлэл. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл 4-5 Засгийн газар дамжсан юм. Би сайдаар ажиллах хугацаандаа олон ажил, асуудлыг шийдэх тэмүүлэлтэйгээр ажилласан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт маш их явсан. Олон нийтийн мэдээлэлд үндэслээд прокурор миний эсрэг хэрэг үүсгээд буй.


“Нүүрсний хулгай” гэдэг хэрэгт би ямар ч холбогдолгүй. Ийм хэрэгт намайг холбогдуулж байгааг би ямар ч баримт нотолгоогүй гэж үзэж байна. Энэ бол зохиомол хэрэг. Тиймээс шат шатанд гомдлоо гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн олон ажлыг дэмжиж байсанд та бүхэндээ талархал илэрхийлье" гэлээ.


Чуулганаар мөн УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77.3 хувь дэмжив. Түүнчлэн тус байнгын хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжиж батлав.


Холбоотой мэдээ