Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-04 12:29:13
oyuka_hu@yahoo.com

Орхон  аймагт 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1946 онд Улсын баруун хилийн зэвсэгт тулгаралтанд оролцож байсан ахмад дайчин 9 бий. Эдгээр дайчдад орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж Чөлөөлөх дайны ялалтын 71 жилийн ойн мэнд хүргэхийн дашрамд мөнгөн тусламж болон гарын бэлэг гардууллаа.

Эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн төлөө амь нас, эрүүл мэндээ үл хайхран байлдаж явсан ахмад дайчдын алдар гавьяаг хүндэлж аймгийн ИТХ болон ЗДТГ, Цэргийн штаб, ИТХ-ын төлөөлөгчид гэрт нь зочилсон юм.  1945 оны Чөлөөлөх дайнд Сулинхээрийн отръядад байлдаж явсан өдгөө 89 настай  ахмад дайчин Шагдарын Сүрэнжавынд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Цэргийн штабын офицер, дэд хурандаа Б.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбат нар хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин Ш.Сүрэнжав хуучлахдаа, “Дайн бол асар их хор хохиролтой. Үүнийг залуу үеийнхэн ямагт санаж явах хэрэгтэй” хэмээсэн юм.

Үүний дараа ахмад дайчин, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Алтан гадас одонт, Гавъяат эдийн засагч Паламын Лувсандоржийнд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин П.Лувсандорж 1945 оны наймдугаар сард “Байшинтын дивиз”-ийн хамт Долоннуур-Жэхэг-Жанчхүүгийн даваа хүртэл тулалдаанд оролцож байжээ. Тэрээр өдгөө 95 насыг зооглож байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ