БАЯН-ӨЛГИЙ: Нэг их эмчид ногдох хүний тоо улсын дунджаас 148 хүнээр их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-30 11:59:27

Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд 267 их эмч ажиллаж байна.


Эдгээрийн 81 нь ерөнхий мэргэжлийн, 30 нь дотрын, 19 нь хүүхдийн, 12 нь мэс заслын, 5 нь гэмтлийн, 2 нь сэхээн амьдруулахын, 5 нь мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний их эмч аж. Мөн мэдрэлийн 4, эх барих эмэгтэйчүүдийн 23, хавдрын 3, сэтгэцийн 3, нүдний 2, чих, хамар, хоолойн 3, халдвартын 5, сүрьеэгийн 3, дүрс оношилгооны 5, уламжлалт анагаахын 16, нүр амны 12, бусад мэргэжлийн 17 эмч тус тус ажиллаж байна.


Эдгээр их эмч нарын 212 нь аймгийн төвд, 55 нь хөдөө сумдад ажиллаж байгаа. Их эмчийн тоогоор Цэнгэл сум /9 их эмч/ тэргүүлж байгаа бол Ногооннуур /8 их эмч/, Дэлүүн сум /7 их эмч/ удаах байруудад орж байна.


Тухайн жилийн дундаж хүн амын тоог нийт их эмчийн тоонд хуваахад тус аймгийн нэг их эмчид 401 хүн ногдож байна. Энэ нь баруун бүсийн дунджаас 39, улсын дунджаас 148 хүнээр өндөр үзүүлэлт юм.


Дээрх их эмч нар өнгөрсөн онд давхардсан тоогоор 30,3 мянган иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ