ОРХОН: Эрдэнэт хот эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжээрээ улсдаа дээгүүрт жагсдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-30 13:04:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжих гэж буй иргэдэд зориулан Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагын чанар, хүртээмжийн талаар мэдээлэл хүргэе.

Орхон аймаг 107 мянган хүн амтай. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдэд үйлчилдэг. Ачаалал ихтэй ажилладаг. 2022 онд тус төв зүрхний титэм судсанд дурангаар мэс ажилбар хийх ангиографийн аппараттай болсон. Мөн хавдар, дотрын тасгийг өргөжүүлж эмчилгээ, үйлчилгээгээ нэмсэн. Учир нь Орхон аймагт зүрх судас, бамбайн өвчлөл давамгайлдаг.


Мөн Монгол-Японы хамтарсан “Эрдэнэт Медикал” оношилгоо, эмчилгээний төв  ажилладаг. Уг эмнэлэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, оношилгоо, эмчилгээгээрээ Монгол Улсад дээгүүрт жагсдаг.

БОЭТ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих төв” ажилладаг. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгээрээ дагнадаг. Мөн бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.

Өрхийн эрүүл мэндийн 9 төв байдаг. Бүгд сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр хангагдсан. Иргэд нийт 10 гаруй төрлийн эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой. Хүн ам сийрэг учир ӨЭМТ-д хандахад дугаар авах, дараалалд зогсох шаардлагагүй. Бүгд өөрийн 2-3 давхар барилгад байрладаг учир үйлчлүүлэгчдэд тав тухтай байж чаддаг.  


“Баян-Өндөр мед” хувийн эмнэлгийг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нээн ажиллуулдаг тул охид, эмэгтэйчүүд түлхүү үйлчлүүлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орох болон эмэгтэйчүүдэд тулгамддаг өвчнийг анагааж, оношлуулах зорилгоор олон хүн ханддаг.  

Уламжлалт эмнэлгээс “Мажаа” эмнэлэг 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Нуруу, нугаламыг анагаах чиглэлээр сүүлийн үед дагнан ажиллаж байна.

Энэ мэтчилэн хувийн 10 гаруй эмнэлэг бий. Тэд дотор, мэдрэл, уламжлалт гээд олон төрлөөр үйлчилгээ үзүүлж хэвтэн эмчлүүлдэг.

Орхон аймагт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бий. Гэхдээ сувилагчийн орон тоо үргэлж дутагдалтай байдаг. Хэрэв гэр бүлээрээ Орхон аймагт шилжин ирэх гэж байгаа эмч, сувилагчид байвал төрийн өмчит эмнэлгүүд нь орон сууцны хөнгөлөлтэй нөхцөл санал болгох, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах, хүүхдийнх нь сургалтын төлбөрт нь хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон боломжийг санал болгодог.

Иймд Орхон аймагт ирэх гэж байгаа иргэд Улаанбаатар хотоос дутахааргүй эрүүл мэндийн чанартай үйлчилгээг авч чадах юм. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн техникч мэргэжилтэй бол илүү давуу талтай. 

Холбоотой мэдээ