Австралийн томоохон компаниудад CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгосон хуулийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-03-30 15:30:24

СИДНЕЙ. /eadaily/. Австралийн парламент нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд жил бүр дор хаяж 4.9 хувиар бууруулахыг томоохон компаниудад үүрэг болгосон хуулийн төслийг баталжээ. 


Энэ тухай тус улсын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн мэдээлсэн байна. 


Засгийн газраас санал болгосон уг хуулийн төслийг батлахыг Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхим 89 саналаар баталсан бол үүнээс өмнө Сенатын танхимд (32 гишүүн дэмжиж, 26 нь эсэргүүцсэн) мөн дэмжигджээ. 


“Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтдоо хүрэхийн тулд бид 2044, 2045 оныг хүлээх шаардлагагүй, бид өнөөдөр арга хэмжээ авах ёстой” гэж Крис Боуэн онцлон тэмдэглээд, шинэ хууль тогтоомж нь Засгийн газарт нүүрс, хийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй шинэ төсөл бүрийг үнэлж, "хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоо биелүүлэхийн тулд шаардлагатай бол тэдгээрийг хориглох боломжийг олгоно гэж мэдэгдсэн байна. 


Шинэ хуулийн үйлчлэлд тус улсын нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг ялгаруулж байгаа шингэрүүлсэн байгалийн хий, гангийн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд зэрэг дор хаяж 215 компани хамаарах юм. Аж үйлдвэрийн болон олборлох салбарын томоохон тоглогчдын ялгаруулалтыг бууруулсны дараа эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг 40 хувиар бууруулах өмнө нь тавьсан зорилтдоо хүрнэ гэж үзэж байгаа ажээ.


Австралийн эрх баригчид 2030 оны эцэс гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 43-аас доошгүй хувиар бууруулах зорилтыг хууль тогтоох түвшинд батжуулсан боловч 12 дугаар сарын эхээр энэ зорилтыг 40 хувь болгож бууруулсан байна. Тус улс CO2-ын ялгарлыг 2050 он гэхэд тэглэх зорилт тавьжээ.




Холбоотой мэдээ