Ардын зураач Б.Гомбосүрэнгийн уран бүтээлийн ном хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-05 17:11:11

Монгол Улсын Ардын зураач, УГЗ Б.Гомбосүрэнгийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ардын зураач Балбарын Гомбосүрэн” уран бүтээлийн номын нээлт энэ сарын 07-нд болно.

Түүний уран бүтээлийн номд Уран зургийн галерейн сан хөмрөг болон Монголын Үндэсний музей, Цэргийн музей болон хувийн галерейнуудын сан хөмрөгт хадгалаастай бүтээлүүдийг нэгтгэн гар бичмэл, уран зураг, судалбар, таталбар, эскиз, судалгааны материалуудыг ашиглан тэдгээрийн жагсаалтыг он цагийн дараалалтай нь багтаажээ.

Энэхүү номоос түүний Монголын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг мэдэх боломжтой. Мөн залуу уран бүтээлчид, уран зураг сонирхогчид, оюутан залууст гарын авлага болохоос гадна  Монголын уран зураг, зураачдыг гадны улсад сурталчилж буй ахмад үеэрээ бахархах, хойч үедээ өвлүүлэн үлдээж буйгаараа ач холбогдолтой.

Ардын зураач Б.Гомбосүрэн нь 1940-өөд оны сүүлчээс уран бүтээлээ эхэлж уран зураг, зураасан зураг, чимэглэлийн чиглэлээр ажиллан “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Мөнх улаанзул”, сансрын нисэгч Гүррагчаа, Жанибеков нарын хөрөг гэхчлэн олон арван бүтээл туурвиж, Д.Сүхбаатар, Ю.Гагарин, Хатанбаатар Магсаржав, К.Циолковскийн медальон, Чингис хаан, их хаад, өндөр гэгээн Занабазарын дүртэй алтан зоосны болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгт зориулсан олон зүйлсийн эх загваруудыг зурж, төрийн ордны дотоод чимэглэлийг хийхэд оролцсон байна. Өрнө, дорны их урлагийн арга ухааныг бие сэтгэл, авьяас билгээрээ мэдэрч шимийг нь шингээсэн зураач байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ