Монголын эдийн засгийн эерэг дохио

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-04-07 13:25:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн цар тахлын дараах хэвийн байдалд шилжсэнээр улс орнуудын агшаад байсан эдийн засаг сэргэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, амралт чөлөөт цагаараа аялахаас эхлээд хүмүүс хэвийн амьдралд шилжсэнээр эдийн засаг эрчимжиж байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын байгууллагууд ч эдийн засгийн өсөлтийн таамаглалаа эргэн нягталж, шинээр тайлан, дүгнэлтүүдээ гаргаж эхлэв. Нийгэм, бизнесийн үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр улс орнууд бараа бүтээгдэхүүний хомсдлоос ангижирч, энэ хэрээр үнийн дарамт саарсаар байгаа. Түүнчлэн  түүхий эдийн үнийн өсөлт улс орнуудын инфляцын төлөвийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэхээр дүр зураг ажиглагдаж байна.


Хэдхэн хоногийн өмнө АХБ-ны ахлах эдийн засагч Альберт Парк мэдэгдэхдээ"Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хэтийн төлөв илүү гэрэл гэгээтэй болж, ковидын дараа хэвийн байдалдаа эргэн орсноор эдийн засаг богино хугацаанд сэргэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалт нэмэгдэн, аялал жуулчлал сэргэснээр Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд илүү хурдацтай өсөх төлөв ажиглагдлаа. Энэ хэрээр аялал жуулчлалын салбар болон гадаад дахь ажиллагсдын эх орон руугаа шилжүүлэх мөнгөн гуйвуулга өсөх дүр зураг гараад байна. Аялал жуулчлалаас хамааралтай улс орнуудын хүлээн авах жуулчдын тоо нэмэгдэж, цар тахлын өмнөх үеийн түвшинд аажмаар дөхөж очихоор байгаа. Гэсэн хэдий ч эдгээр эерэг төлөвт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Украин дахь ОХУ-ын халдлага удаан хугацаанд үргэлжлэх, эсхүл хурцдах тохиолдолд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж дэлхий дахинд инфляц дахин нэмэгдэх, ингэснээр мөнгөний бодлогыг улам чангаруулахад хүргэж болзошгүй. Эрсдлийг сайтар шинжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг Азийн хөгжлийн төлөв 2023” тайланд онцолсон” гэв.

Жилийн өмнө АХБ Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 1.7 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн таамаглаж байв. Харин тэд энэ удаа 2022 онд 4.8 хувьтай гарсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувиар нэмэгдэхээр байна гэсэн эерэг төсөөллийг дэвшүүлсэн юм. Ийнхүү тэд манай улсын эдийн засгийн өсөлтийн хувийг нэмсэн нь ковидын өмнөх үедээ очсоныг илтгэх.

Өнгөрсөн оны эхний хагаст 1.9 хувиар өсөлт үзүүлж байсан эдийн засаг оны төгсгөлд яагаад 4.8 хувиар өсөв? 

Үүний гол “барометр” нь БНХАУ хилийн хоригоо цуцалсан явдал  гэдгийг зарим эдийн засагч онцолж байв. Эдийн засгийн дийлэнх ачааг үүрдэг нүүрсний экспорт энэ онд тэлэлт үзүүлж, агшсан эдийн засгийг урагшлуулахад гол хөшүүрэг болохоор байна. Тодруулбал, нүүрсний салбар 2023 оны эхний гурван сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортлосон нь 2019 оны мөн үеэс 2.5 сая тонноор, өмнөх оны мөн үеэс 10 сая тоннын өсөлтийг үзүүлэв. Энэхүү өсөлтийг тэлэхэд уул уурхайн цахим арилжааны биржийг нээн ажиллуулсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Цахим арилжааны биржээр Монгол Улс нийт 800 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар борлуулаад байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улс бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэлжүүлснээр мэдээллийн ил тод байдлыг хангаж, уул уурхайн салбарт шинэ дэвшил авчирсан гэж дүгнэж болох юм. Энэ онд ковидын жилүүдэд байгаагүйгээр эдийн засаг өсөх нь тодорхой бөгөөд 5.4 хувийн өсөлтийг тийм ч огцом өсөлт биш гэдгийг зарим шинжээч үзэж байна. Хэрэв төлбөрийн тэнцэл ашигтай буюу гадаад валютын нөөц өндөр өсөлттэй байвал зохистой бодлогоор дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, инфляц, ханшийн дарамтыг бууруулах замаар мөнгөний бодлогыг  зөөллөх нь чухал. Ингэснээр эдийн засгийн өсөлт илүү өндөр байх боломжтой юм. Гэхдээ түр зуурын өндөр өсөлтөөс илүүтэй тогтвортой өсөлтийг удаан хадгалах нь чухал гэдэгт төвлөрөх хэрэгтэйг шинжээчид анхааруулж байна. 2023-2024 онд эдийн засаг өнгөрсөн жилийнх шиг зөвхөн дотоод эрэлтээр дэмжигдэх бус, гадаад эрэлт өсөх эерэг дүр зургаар илэрхийлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийг таваас дээш хувьд хадгалах хүлээлт бий болоод байна. Гэхдээ төлбөрийн урсгал дансны алдагдал, гадаад валютын нөөц, инфляцын огцом халалт зэрэг эрсдлийг тооцоолж  асуудлуудыг эергээр шийдэх нь зөв гэдгийг олон улсын байгууллагууд сануулж буй юм. Ингэснээр энэ оноос манай улсын гадаад тэнцэл эерэг гарах боломжтой.   


Түүнчлэн удаан хугацаанд өндөр инфляцтай явах нь бизнесийн зардал нэмэгдэх, төлөвлөлт хийхэд хүнд бөгөөд зээл, санхүүжилт үнэтэй, олдоц муутай болох, өрхийн бодит орлого, худалдан авах чадвар муудах, тэгш бус байдал нэмэгдэх, дундаж давхарга бага орлоготой руу, бага орлоготой өрхүүд ядуурлын шугам руу гэх мэтээр шахагдах, аливаа бодлогын шинэчлэлийн үр нөлөөг багасгах нь бүхий л түвшинд хортой үр дагаварыг бий болгодог. Тийм учраас эдийн засгийн өсөлтийг өрх, хувийн секторт илүү хүртээмжтэй байлгахын тулд өндөр инфляцыг бууруулж, нам бөгөөд тогтвортой түвшинд байлгахад анхаарахыг АХБ-наас  уриалсан.

Тэд эдийн засгийн төсөөллийг бууруулж болзошгүй таван эрсдэлт хүчин зүйл байна гэж үзжээ. Тодруулбал, эхний ээлжид магадгүй Орос-Украины дайн улам хурцадвал хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар дамжаад инфляцын дарамт нэмэгдэх, гадаад төлбөр тооцоонд хүндрэл үүсэх, гадаад санхүүжилтийн нөхцөл улам чангарах зэрэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй. Түүнчлэн илүү хор хүргэх шинэ төрлийн цар тахал дахин гарч халдварлахыг үгүйсгэхгүй. Улмаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ огцом буурвал гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж мэдэх. Мөн улс орнуудад дотоодын тогтворгүй асуудлаас үүдэлтэй бодлогын ойлгомжгүй байдал үүсэх эрсдлийг тооцоолохТүүнчлэн оффтейк гэрээнүүдийн хүрээнд хэдий хэмжээний нүүрс экспортолж байж, үүссэн өглөгийг бүрэн барагдуулж дуусах вэ гэдэг дээр тодорхой дата үүсгэх хэрэгтэйг зөвлөж байна.


Үнэндээ манай улсын инфляцын дундаж түвшин сүүлийн 14 жилийн хамгийн оргил түвшинд хүрээд байгаа. Энэ нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй хомсдолыг үүсгэсэнтэй холбоотой бөгөөд нийлүүлэлтийн шокууд бий болсноор импортын бараа, үйлчилгээний үнэ эрс нэмэгдсэн. Мөн дотоод эрэлтийн нөлөө, төгрөгийн ханш суларсан нь инфляц өсөхөд голлох нөлөөг үзүүлснийг эдийн засагчид тайлбарлаж байгаа. Харин энэ оноос инфляц дахь нийлүүлэлтийн гацалтын болон зардлын өсөлтийн шалтгаантай сөрөг нөлөө багасна гэсэн хүлээлт байгааг мэргэжилтнүүд тодотгов.

Холбоотой мэдээ