ДОРНОД: Сорилд хамрагдсан иргэдийн тал хувь нь хогийн ургамлын харшилтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-07 20:15:26

Чойбалсан /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, "Дерма мед" арьс харшлын эмнэлэгтэй хамтран ургамлын тоосонцрын харшилтай, арьс хатгах сорилд хамрагдаж байгаагүй 200 иргэнийг харшлын сорилд хамруулжээ.

Сорилд хамрагдсан иргэдийн 50.8 хувь нь хогийн ургамлаас, 20.5 хувь нь модлог ургамлаас, 17.4 хувь нь үет ургамлаас, 8.9 хувь нь тоосны хачиг, нэг хувь нь муур, 1.3 хувь нь хүнсний зүйл буюу газрын самраас харшилтай гарсан байна.  

Уг ажлыг орон нутгийн төсвийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр "Харшлаас сэргийлэх төсөл, арга хэмжээ"-ний хүрээнд хийж хэрэгжүүлжээ. 

Ташрамд сонирхуулахад, дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг. Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд нэмэгдэж, дэлхийн нийт хүн амын 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид тогтоосон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байгаа аж.

Харин Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ