Байнгын хороо төсвийн тодотголын дагалдах хуулиудыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 11:30:50

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, 2016 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл багтсан юм.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, “2015 онд Төрийн сан 11.7 тэрбум төгрөгийн өртэй хоцорсон. Энэ онд Боловсролын хөгжлийн санд тусгах 90 тэрбум төгрөгөөс барагдуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Бага, дунд боловсролын тухай хууль болон Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэх үед асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.

Ийнхүү байнгын хорооны санл, дүгнэлтийг нэгтгэс төсвийн байнгын хороонд хүргүүлэх болов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ