“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийн сайн туршлагыг ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Удирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форумыг хамтран зохион байгууллаа.
Монгол Улсад сүүлийн 3 жилд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг олон талын оролцоо, дэмжлэгтэй нэвтрүүлэх, нутагшуулах ажил эрчимжиж байна. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн банк, Сангийн яам хамтран үндэсний хэмжээнд, салбар яамдын түвшинд, НЗДТГ-ын “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-тэй хамтран нийслэл, дүүрэгт, Канад Улсын ГХЯ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй MERIT төсөл, Удирдлагын академи хамтран аймаг, сумдын түвшинд ЖМТ-ийг үе шаттай, өөрсдийн онцлогоор хэрэгжүүлжээ. Эдгээр төслийн үр дүн, туршлага, сургамж, цаашид ЖМТ-ийг үндэсний хэмжээнд хэрхэн тогтвортой байдлыг нь хангаж, үргэлжлүүлэх тухай ярилцаж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч, санал зөвлөмж боловсруулахыг зорьж байна.
Форумын үеэр Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх хүрээ, санаачилгууд”, Дэлхийн банкны Төсвийн зарлага, санхүүгийн эгэх хариуцлага (PEFA) хөтөлбөрийн Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Тиа Элиза Раппана “Олон улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрэгжүүлж буй туршлага”, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Т.Батсүх “Үндэсний түвшинд хэрэгжиж буй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага“ сэдвээр илтгэл танилцуулав. Мөн “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” төслийн үр дүн, туршлага, “Орон нутаг, аймгийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тогтвортой хэрэгжүүлэх нь, “Нийслэл болон салбарын яамдад хэрэгжүүлсэн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах нь”, “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг тогтвортой хэрэгжүүлэх бодлого, стратеги, тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумд 530 гаруй хүн оролцсоны 130 нь танхимаар, 400 гаруй нь цахимаар хамрагджээ.
Монголд орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ой угтсан цуврал үйл ажиллагаа, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулсан форум нь жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн сайн туршлагаас суралцаж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж буй үйл ажиллагааг эрчимжүүлэн, асуудал, амжилт, сорилтыг тодорхойлох, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлж, тогтвортой байдлыг хангахад төрийн оролцоог нэмэх, салбар байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.