БАЯНХОНГОР: Түр саатуулах хашаанд хураагдсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-13 08:52:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураагдсан мотоцикл, автомашинуудыг эздэд нь хураамж төлбөргүйгээр буцаан олгохоор боллоо.


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолоор 2021, 2022 онд зөрчлийн улмаас түр саатуулагдсан, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эзэмшигч иргэд нь буцаан аваагүй байгаа мотоцикл, автомашиныг түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тухайн тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч иргэдэд нь буцаан олгох үйл ажиллагаа тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж.


2021.01.14-2022.08.19-ний өдөр хүртэл хугацаанд хураалгасан мотоцикл, автомашины эзэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 224 тоотод хандах боломжтой.


Тээврийн хэрэгслээ буцаан авах иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, өргөдлийн хамт авч очих шаардлагатай аж.

Холбоотой мэдээ