Өндөр технологийн гол түүхий эд нь газрын ховор элемент болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд чухалд тооцогдон, ирээдүйн өндөр хөгжлийн технологийн гол түүхий эд болж буй газрын ховор элементийн талаарх эрдэмтдийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-ийн төв байранд боллоо.
Газрын ховор элементийн асуудлыг өнөөдөр манай улсад уул уурхайн, төрийн өмчит компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллаж байна. Энэ талаар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тогтоол гаргаж, тус нэгдэлд даалгасныг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн тодотголоо.
“Эрдэнэс Монгол" нэгдлийн Ховор металл, элементийн Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй тэрбээр, “Эрдэнэс Монгол” ХХК газрын ховор элементийн талаар авч хэрэгжүүлэх дараагийн 15 жилийн үндсэн чиглэлийг боловсруулж, тав таван жилээр төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлтэй ажиллаж, ажлаа судалгаанаас эхэлж байгаа гэв.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” хэмээн заасан.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баягийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан юм.
Газрын ховор элемент нь хэдийгээр
орц, хэмжээ нь бага ч гэсэн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, өндөр
технологийн “витамин” нь болох эрдсийн түүхий эд юм хэмээн Үйлдвэр,
худалдааны сайд асан, доктор Ц.Даваадорж “Газрын ховор элементийн
судалгаа - Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр зүйрлэн
хэлж байлаа.
Засгийн газар “Шинэ
сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэрийн асуудлыг авч үзэхдээ газрын ховор
элементийг онцлон анхаарч байгаа нь шинжлэх ухаандаа суурилан урагшлуулах гэсэн
алхам бүхий санаачилга хэмээн хүлээн авч байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Газрын ховор элемент гэдэг нь физик, химийн шинж чанараар хоорондоо төстэй, ялгахад төвөгтэй, бүлгийн нийт 17 ховор элементээс бүрддэг, онц чухал ач холбогдолтой эрдэст ордог, дотор нь хөнгөн, хүнд гэж ангилдаг элементүүдийг хэлдэг байна. Манай улсад илрүүлээд буй ордууд дээрх хоёр ангиллын аль алинд ордог аж. Газрын элементүүдийг анх XVIII-XIX зуунд нээсэн бөгөөд тухайн үед эдгээр элементийн талаарх мэдээлэл хомс байсан учир “ховор элементүүд” хэмээн нэрлэжээ.
Одоогоор хувийн хэвшлийн компаниудад Газрын ховор элементийн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгон, цаашид боловсруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй, нийт 6 орд илрүүлээд байгаагийн 4 нь томоохон орд, 2 нь жижиг орд бөгөөд энэхүү эрдсийн баялгаараа манай улс дэлхийд эхний 15-д ордог байна. Үүнийг дурдвал:
- Улаандөлийн 124.78 тоннын орд,
- Халзанбүрэгтэйн орд 1.511.6
мянган тоннын орд,
- Мушгиа худгийн 365.1
мянган тоннын орд
- Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд
- Цагаан чулуутын 274.55
тоннын орд,
- Лугийн голын орд 14.5 мянган
тоннын орд тус тус орж байна.
Эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай байгааг УУХҮЯ-ны Геологийн
бодлогын газрын дарга, доктор Б.Уянга танилцууллаа.
Газрын ховор элементийн тодорхой хэсэг нь маш бага хэмжээтэй ч өндөр хүчин чадалтай байдаг буюу өндөр технологид
хэрэглэгддэгээрээ чухал эрдэс, түүхий эд болдог байна. Ялангуяа, тогтмол соронзонгийн
үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг, гэрлийг өөртөө маш сайн, тод дамжуулдаг чадвараар
бүхий л техникийн дэлгэц, цахилгаан дамжуулагч, хөдөлгүүр, цахилгаан машины зай
хураагуурт ашигладаг байна.
Тодруулбал, салхин сэнсний
хөдөлгүүр, катализатор, цэнэглэдэг батарей, нарны хавтан зэрэг сэргээгдэх
эрчим хүч болон байгаль орчинд сөрөг нөлөө багатай, ногоон эрчим хүчний
үйлдвэрлэлд өргөн ашигладаг, мөн цөмийн технологи болон цэргийн техникт
хэрэглэдэг байна.
Тиймээс газрын ховор элементийг тусад нь бус лит, зэс зэрэг бусад эрдэс баялгийн хамт өндөр технологийн түүхий эд гэдгээр цогцоор нь авч үзэн хайгуул, боловсруулалтад анхааран, ашиглалтыг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр онцоллоо.
Газрын ховор элементийн
талаар төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулбал:
- 2022 оны 10 дугаар сард: “Аж
үйлдвэрийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Герман улстай зэс боловсруулах
үйлдвэр, цахилгаан автомашин, техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх талаар ярилцаж,
судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон.
- 2023 оны 2 дугаар сард: Монгол
Улс, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын хөрөнгө
оруулалтыг татан, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах
болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх чиглэлд хамтран
ажиллахаар тогтсон юм.
- Мөн Монгол Улс, БНСУ-ын
хооронд хамтарсан Ховор металлын судалгааны төвийг байгуулахаар болсон байна.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр