Эртний Тартессын үеийн баримлууд Испаниас олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-19 13:37:46

МАДРИД. /CSIC/. Археологичид Испани улсаас домогт Тартессын соёл, МЭӨ V зууны үед хамаарах хүний нүүр царайг дүрсэлсэн анхны баримлуудыг олжээ.


Энэ талаар тус улсын Шинжлэх ухааны судалгааны дээд зөвлөлийн (CSIC) хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлсэн байна.


Испанийн баруун өмнөд хэсгийн Гуаренья тосгоны (Экстремадурагийн автономит муж) орчимд хийсэн малтлагын үеэр "МЭӨ V зуунд хамаарах таван баримлын үлдэгдэл олдсон бөгөөд эдгээр нь тартессуудын соёлд (МЭӨ VIII-IV зуун) хамаарах анхны ийм баримлууд ажээ. Энэхүү шинэ олдвор нь хүний нүүр царайг дүрсэлснээрээ онцлогтой гэж зөвлөлийн мэдээнд дурджээ.


Эрдэмтдийн мэдээлснээр, “Тартессын үеийн үнэт эдлэлийн хийцтэй” том сайхан ээмэг зүүсэн хоёр бүсгүйн баримлыг үндсэндээ бүтэн болгон эвлүүлж чаджээ. Тэдгээрийг "Тартессын шүтээний хоёр эмэгтэй бурхны" дүр зураг байж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа аж. Судлаачид мөн "тартессын нийгмийн нэр хүндтэй хүмүүс" байх магадлалтай гэж үзэж байна.


Олдворын бусад хэсгүүд нь хамгийн багадаа гурван өөр хүний, түүний дотор нэг дайчин эрийн нүүрний төрхтэй тохирох баримлын хэлтэрхийнүүд байв. Энэ нээлт нь "Тартессын соёлын талаарх шинжлэх ухааны хэвшмэл ойлголтод эрс өөрчлөлт оруулж буйг" илтгэж байна гэж эрдэмтэд хэлжээ. Уг соёл иргэншлийн үед бурханлаг мөн чанарыг гол төлөв амьтан, ургамлын сэдвээр дамжуулан дүрсэлж илэрхийлдэг байсан гэж өмнө нь үзэж байжээ.


Тартесс нь МЭӨ нэгдүгээр мянганд Иберийн хойгийн нутаг дэвсгэрт оршин байсан эртний хот юм. Энэ соёл иргэншлийн тухай баталгаатай түүхэн мэдээлэл маш бага байдаг тул тус хот яг хаана байрлаж байсан нь ч тодорхойгүй байдаг. Тартессын оршин суугчид өөрийн гэсэн бичиг үсгийн соёлтой байжээ. Алалиягийн тулалдааны дараа МЭӨ 535 оны үед тус хот газрын хөрснөөс арчигдан алга болжээ. Шинжлэх ухааны зарим уран зөгнөлчид Тартесс болон Атлантидын домогт арал-улс хоорондоо харилцаатай байсан гэж ярих нь бас бий.

Холбоотой мэдээ