ДАРХАН-УУЛ: Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 22-ны өдөр авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-20 07:32:36

Дархан /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдана. Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин сайжруулах зорилготой ажээ.

Энэ дагуу Монгол хэл, бичгийн шалгалт Улаанбаатар хотын цагаар 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт эхэлнэ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 бөгөөд өмнөх онд сургууль төгссөн шалгуулагч дараах материалыг бүрдүүлэх аж. Үүнд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх. Харин 2023 онд төгсөж буй шалгуулагч бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх гэсэн бичиг баримт бүрдүүлж шалгалтад орох эрхтэй болно.

Суудлын хуваарийн дагуу шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Монгол хэл, бичгийн шалгалтын даалгаврыг хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх учир бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав.


Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно. Хориглосон зүйл болон дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд шалгалтад оруулахгүй ажээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан нэвтэрч хэвлэж авахыг тус төвөөс зөвлөж байна.

Холбоотой мэдээ