АРХАНГАЙ: Чулуут суманд эмчилгээний зориулалттай халуун рашаан бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-20 10:05:05

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол оронд ашиглаж байгаа 250 гаруй рашаан уснаас эхний тавд нэрлэгдэх нь Чулуут сумын Халуун усны рашаан юм.


Аялал жуулчлалын хэлбэрээр хэн бүхэнд танигдаагүй ч рашааныг сайн мэдэх иргэд болон нутгийн хүмүүсийн шүтээн болсон эмчилгээний зориулалттай тус рашаан нь сумын төвөөс зүүн хойш 25 километрт, Халуун ус багийн нутагт умард өргөргийн 47 градус 5 минут, дорнод уртрагийн 100 градус 5 минутын солбицолд, далайн мандлаас дээш 2190 метрийн түвшинд Халуун усны рашаан байдаг. Чулуутын халуун рашаан орд нь Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Тариат, Ихтамир сумын зааг нутагт Баян-Уул, Архангайн Булуу, Баатар хан, Самлин зэрэг Хангайн нурууны ой модтой уулсаар хүрээлэгддэг.

 

Энэхүү орд нь далайн мандлаас дээш 2190 м өргөгдсөн газарт Чулуут сумын төвөөс 30 км, Өндөр-Улаан сумаас 35 км зайтай оршино. Энэ орчны гадарга зүйн төрх нь хуучин төрмөлийн эринээс эхэлсэн ба хувирмал занарын хад цохиотой аж.

 

Рашааны орд газрын баруун хойхно 3.5 км зайтай сумын 2-р бага сургууль, хүн, малын эмнэлгийн салбар, багийн төв оршино.

 

Чулуутын халуун рашааныг дээхэн үеэс хэрэглэж байсан баримт судлаачдын замын тэмдэглэлд бичигдсэн ба Богдын шавь 8 хошууны нэг Шива Ширээтийн үед нэлээд сүсэглэн хэрэглэж байжээ.

 

Халуун рашаанаас анхлан 1926-1927 онд Оросын эрдэмтэн В.А.Смирнов дээж авч шинжилж, түүний дүн мэдээг 1946 онд В.А.Маринов, В.Н.Попов нар "Монголын рашаан" номд нийтэлсэн байдаг байна.

 

Манай орны үндэсний эрдэмтэд, судлаачид /Ш.Цэрэн нарын/ 1957-1960 онд рашаан ус шинжилгээний ажлын дунд тухайн халуун рашааны орд газрын байдлыг үзэж, рашааны дээжид шинжилгээ хийж, рашааны булгуудын халуун хүйтнийг хэмжин, газар зүйн орчныг ажиглажээ.

 

Дараа нь Монгол-Оросын Хөвсгөл нуур орчныг судлах экспедицийн рашаан ус судлалын баг нь 1973,1976,1982,1989 онд ордын 4 булагт нэг бүрчлэн температур, ундаргын хэмжилт хийж гидрохими, хийн бүтцэд иж бүрэн шинжилгээ гүйцэтгэжээ. Манай улсын ШУА-ийн Хими, Хими-технологийн хүрээлэн, Рашаан судлалын үндэсний төв, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын газрын газрын царцдас судлалын хүрээлэн хамтарч 2001, 2003 онд эл рашаанд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийж байжээ.

 

Рашаан нь хийн бүтцээрээ азот зонхилсон, азот-хүхэрт устөрөгч холилдсон хоёр бүлэгт хуваагддаг байна. Хэсэг булгийн ундаргууд нь физик химийн шинж чанар, гидрохимийн төлвөөрөө ихилсэх зүй тогтолтой, орчны урвал /рН-8,08-9.1/, исэлдэн ангижрах потенциал /Еһ=+90мв/, хүхэрт устөрөгч 9.2 мг/дм3, цахиуртхүчил 150 мг/дм3, эрдэсжилтийн ерөнхий хэмжээ 0.4 г/дм3. Рашааны ион эрдсийн найрлага нь сульфат, гидрокарбонат-карбонат, катион нь натри давамгайлдаг.

 

Рашааны онцлог нь температур, цахиур хүчил, орчны шүлтлэг урвал, фото, хүхэрт устөрөгч агуулдагт оршино. Мөн рашааны найрлагад лити, цайр, хүнцэл, стронци, манган, зэс зэрэг бичил бодис 0.008-0.014 мг/дм3 хэмжээтэй, ундаргын нөөц нь секунд тутам нийтдээ 2.07 литр ба халуун нь 23.5-42°С, орд газрын орчин нь ойт хээрийн бүс учир үржил сайтай ойн бор хөрс, булаг, горхи, халуун усны зах орчмын зүлэг, нугын ялзмагт хүрэн хөрс голлоно.

 

Рашаанаас урагш 100 хүрэхгүй метрийн зайтай шинэсэн ойтой. Бэлчээрийн ургамлаас ширэг, өрхөг, хонин гоньд, хүнхээл, сөд, дэгд, мягмансаж, жамъянмядаг, хар хорос зэрэг ургамал элбэгтэй. Тэрчлэн орд газрын хүрээлэн байгаа орчинд Монгол Улсын улаан номд оруулсан монгол хундага, дэгд, эмийн бамбай, уулын сонгино, хонин арц, ягаан цээнэ зэрэг багтдаг.

 

Чулуутын халуун рашаан нь анагаах чадлаараа ойр орчмын сум, аймгийн хүмүүсийн дунд түгж, жил бүрийн зуны улирлын дунд сараас намрын дунд cap хүртэлх хугацаанд олон хүн, морь ердийн хөсгөөр ирж, биеэ сувилж байсан уламжлалтай. Хүмүүс рашаанд орж эдгэрсний тэмдэг болгож, таягаа орхиж үлдээснийг өгүүлэхэд рашааны тус нэмэр илт болно.

 

Энэхүү рашааныг түшиглэн сумын "Шинэ амьдрал" нэгдэл 1960-аад оны сүүлчээс орох рашааны онгоцыг сэлбэх, рашаанчдыг гэр орноор үйлчлэх зэрэг эхний арга хэмжээг авсан ба 1990-ээд оноос хөнгөн маягийн байшин барих, рашаанд орох газрыг тохижуулах, хүмүүсийг нэгдсэн журмаар уналгаар үйлчлэх, эмчийн хяналт тогтоох зэрэг ажил зохион байгуулснаар ямар нэгэн хэмжээгээр рашаанчдын үйлчилгээнд анхаарч иржээ.

,

Рашааны орд газрын экологийг сахих үүднээс орд газрын орчны эрүүл ахуйн бүсийн зурвасаар хамгаалалтын хайс хийж, улмаар хяналт тавьдаг болсон юм. Хүмүүс халуун рашаанд гол төлөв орохын зэрэгцээ арьсаа шавших, угаах, амны хөндий, шүд хоолой зайлах, мөн рашаанаар төлжсөн шавар /замаг/-ыг эмчилгээнд хослон хэрэглэж байна.

 

Энэхүү рашаанаар үе мөчний архаг өвчин, захын мэдрэлийн судлын үрэвсэл, мэдрэлийн сульданги, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, яс булчин шөрмөсний бэртэнг зэргийг эмчлэх заалттай.

Холбоотой мэдээ