БАЯНХОНГОР: Анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн Хачин ламын хийд

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2023-04-21 10:01:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, Түйн голын эрэгт Соронзонзонгомбын хошуу хүрээ нь 1755 онд ван Цэвдэнжавын үед баригдсан түүхтэй. Энэ хүрээнд байсан олон хийдийн нэг болох Хачин ламын хийд нь анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэнээрээ онцлог.


Тус хийдийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд Хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед барьж байгуулжээ.


Хачин ламыг Төвөдийн Банчин эрдэнээс 8 дугаар Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номон хаан хэмээн алдаршсан байна.


7 дугаар Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг нь өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг аж.


Хачин ламын хийд нь сумын төвийн баруун урд зүгт, хар модон банзан хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим хийдийг Шамбалын орон уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой.

Хийд хоёр давхар, урд талын хаалгаар ордог. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй. Хийдийн ханануудад үлгэр домгийн сэдэвтэй төвөд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зургууд голлодог.


Хийдийг барихаар Төвөдөөс уран сийлбэрч дархчууд ирсэн гэдэг ба гадна дээврийн хөндлөн яс моднуудыг нэвт ухаж сийлж хийсэн байна. Ханыг янз бүрийн цэцгэн хээ, далавчаа дэлгэж буй тогос шувуу, догшин дүрст луу зэргийг дүрслээд, байшингийн өнцөгт зааны толгойн бүтэн сийлбэрийг өнгө ялган будаж чимэглэжээ.


Хачин ламын хийдийн их дааман хаалганы дээд талд алтан боронзоор зүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд "...Их амгалан хурцын орон, номын баясгалант цэцэрлэг" хэмээн бичжээ.