БАЯНХОНГОР: Мод тарих иргэдийг түр ажлын байраар хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-21 15:58:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран мод тарих ажлыг эхлүүллээ. Эхний ээлжийн ажилд 60 иргэнийг 10 хоногийн хугацаанд түр ажлын байраар хангаж,  модны нүх ухуулж байгаа аж.


Тус ажлыг эхлүүлэхийн өмнө тэдгээр иргэдэд мэдээлэл сургалт хийж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Дараагийн ээлжийн иргэдийг мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж буй иргэдээс хамруулах юм. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээгээр түр ажлын байр бий болгох, зуучлах ажлыг ийнхүү шат дараатай зохион байгуулах аж.


2030 он хүртэл "Тэрбум мод" тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй. Тэгвэл Баянхонгор аймаг тус үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлээд байна.


Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо. Ийнхүү 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах аж.


Баянхонгор аймгийн сум дундын ойн анги аймгийн төвд мод үржүүлгийн 6.05 га талбайд 17 нэр төрлийн 25 мянга гаруй ширхэг суулгацыг тариалалт хийн ургуулж байна. Ийнхүү өнгөрсөн намрын мод тарилтаар Баянхонгор аймаг тойрсон ойн зурваст 10 мянган ширхэг улиас тарьжээ. Ингэснээр аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянган мод тарьж ургуулж байна. 

Холбоотой мэдээ