ДАРХАН-УУЛ: Залуучуудын улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-24 08:06:23

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит Жүдо бөхийн 2023 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд боллоо.


Тус тэмцээн нь хувийн ангиллын эрэгтэй 35, эмэгтэй 25 дахь, холимог багийн найм дахь удаагийн тэмцээн бөгөөд 28 байгууллагын 240 гаруй жүдоч өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан, хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг, сүүлийн өдөр буюу ням гаригт найм дахь удаагийн холимог багийн тэмцээн боллоо.


Монголын жүдо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан тус тэмцээний холимог багийн төрөлд 13 баг өрсөлдсөнөөс ОУХМ Д.Алтансүх, спортын мастер Д.Наранбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн баг түрүүлэв.


Тэд шигшээ барилдаанд спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай Нийслэлийн төрөлжсөн сургалттай, Спортын төв сургуулийн багийг 4:1-ээр буулган авснаар холимог багийн тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин О.Ууганбаатар дасгалжуулагчтай “Мон Алтиус” ахлах сургуулийн баг Монголын жүдо академийг 4:1-ээр, ОУХМ Д.Батсайхан, спортын мастер Э.Энхболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг “Боржин төв” клубийг 3:1-ээр хожиж холимог багийн төрлийн шилдгүүдээ шалгарлаа.


Холимог багийн УАШТ-ий медальтнууд:

Алтан медаль:"Хангарьд" спорт клуб (Б.Батболд, А.Ариун-Эрдэнэ, О.Гэрэлтбаяр, Э.Буянцагаан, Д.Болор-Эрдэнэ, Б.Гүндэгмаа, Э.Буян-Өлзий, Э.Энхзул)

Мөнгөн медаль: Нийслэлийн Спортын төв сургууль (Ө.Бямбасүрэн, Ж.Энхтөр, Н.Сансар, Э.Ариунзаяа, Д.Номин, Б.Дөлгөөн)

Хүрэл медаль:"Мон-Алтиус" ахлах сургууль (П.Сүхбат, Б.Нямренчин, А.Энхбаяр, Алтангэрэл, Л.Энхболд, Б.Уранзаяа, Ц.Тэгшжаргал, Ц.Энх-Оргил, Б.Содонцэцэг, Э.Жаргалмаа, Б.Алиманцэцэг)

Хүрэл медаль: "Алдар" спорт хороо (Ө.Жанцандорж, Б.Батдаваа, О.Энхтөгөлдөр, Э.Маргад-Эрдэнэ, Б.Тэмүүлэн, Б.Арвин, У.Дэлгэрцэцэг, Э.Энхжин, Г.Хонгорзул).


Холбоотой мэдээ