Гадаад өрийн эрсдэл ба эргэн төлөлт

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-04-28 21:18:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын гадаад өрийн дунд хугацааны эргэн төлөлт нь бүхэлдээ олон улсын санхүүгийн зах зээлээс арилжааны хэлбэртэй авсан өр төлбөр байдаг. Монгол Улсад сүүлийн 10 жилд гадаад өр хурдацтай нэмэгдсэнийг эдийн засагчид шүүмжилдэг.

 

Тэгвэл Монгол Улсын гадаад өр 33.5 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнийг задалбал 21.8 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгжүүдийнх, 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрынх, 2.1 тэрбум ам.долларыг Төв банкных, үлдсэн 1.5 тэрбум ам.долларыг Арилжааны банкуудын өр эзэлж буй аж. Төсвийн тухай хуулинд 2023 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хүрээнд Засгийн газрын авах гадаад, дотоод зээлийн дээд хэмжээг 2.8 их наяд хүртэлх төгрөг байхаар заасан. Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1.2 их наяд төгрөг байхаар улсын төсөвтөө баталсан гэсэн үг. Тэгэхээр энэ онд Засгийн газар 4 их наяд төгрөгийн өр тавьж, алдагдлаа санхүүжүүлэхээр тооцсон.

 

Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэхдээ, “Өнгөрсөн оны есдүгээр сард 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байдалтай байсан. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын чанартай үйл ажиллагааны хүрээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өрийн дүн эерэг болж, дефолт болох эрсдлээс бүрэн ангижирсан. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд “Чингис" бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх сарын нэгний өдөр төлөх ёстой “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэл ажлаа хангаад байна. Ингэснээр сүүлийн гурван жилд нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Мөн 487 сая ам.долларын богино хугацааны арилжааны зорилгоор аваад байсан бондын өрүүдийг  буурууллаа” гэсэн юм.

Тэгвэл Монгол банкнаас өнөөдөр Гэрэгэ бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларыг бүрэн төлсөн хэмээн эх сурвалж өгүүллээ.

 Харин Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 2023 оны намар төлөх Самурай бонд болон Евро бондын 500 сая ам.долларыг хэрхэн барагдуулах төлөвлөгөөг гаргаж буй гэнэ. Эл өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулах зорилготой ажиллаж байгаа аж. Хэрэв ирэх есдүгээр сард Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж чадахгүй бол Засгийн газар баталгаа гаргах хувилбар байгааг Сангийн сайд онцолсон.


Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт гадаад өр 10 дахин өссөнийг эдийн засагчид онцолдог. Хэрэв гадаад өр төлбөрийг дахин санхүүжүүлж чадахгүй, цаг хугацаанд нь өрийг барагдуулахгүй бол хөрөнгийн орох урсгал зогсох, эдийн засаг хямрах нөлөөлийг бий болгодог байна. Түүнчлэн манай улсын өрийн удирдлагын тухай хуульд гадаад зээл тусламжтай холбоотой зохицуулалт байхгүй. Тиймээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд  гадаад зээлийг хязгаарлах, гадаад тусламж авбал түүнийг зарцуулах зориулалт, ангиллын асуудлыг гарган тавьж буйг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдсэн.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нэрлэсэн өр 30 гаруй их наяд төгрөг байгаа. Зээлийн өрийн үйлчилгээнд жилд 800 гаруй тэрбум төгрөг байна. Энэ бол байж болох төсвийн хамгийн муу зарцуулалт. Эдийн засагт ямар ч үр ашиггүй мөнгийг жил бүхэн төлж байна. Монгол Улс өрийн эрсдэлд ороход маш ойрхон байна. Хэрвээ бид сүүлийн 10 жил төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газрын өр бага, 2017 оноос хойш хуримтлал үүсгээд явах боломжтой байсан. Тодруулбал, нийт Засгийн газар 7.6 орчим их наяд төгрөг хадгалах боломжтой байсан. Энэ бол бидний алдагдсан боломж. Мөн 2020, 2021 онуудад төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хадгалсан бол 9.9 их наяд төгрөг хадгаламжтай байх боломжтой байсан” хэмээн мэдэгджээ.

Үнэндээ гадаад өрийн асуудал бидний хувьд шинэ зүйл биш. Манай улсын өр хурдацтай нэмэгдэх шалтгаан өрийн хүндрэлд орж байсан Африк, Латин Америкийн орнуудтай олон талаар төстэй гэдгийг судлаачид хэлж буй юм. Тодруулбал дээрх орнууд дундаж орлоготой улсын ангилалд багтаж байх үедээ гадаад эх үүсвэрийг ашиглан эдийн засгийн өсөлтийг дэмжих, хурдасгах гэсэн оролдлогын үр дагавар, 1980-аад онд дээрх орнууд эдийн засгаа тэлэх зорилгоор их хэмжээний зээл авсан Зээлийн өрийн төлбөр огцом нэмэгдэхийн хэрээр хүүний төлбөр нэмэгдсэн нь дээрх орнуудын өрийн хямралд хүү хүчтэй нөлөөлсөн гэдэг.

Монгол Улсын хувьд бондын эргэн төлөлт хийхээс эхлээд жижиг өрүүд ар, араасаа хөвөрч ирсэн. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад 30-40 жилийн хугацаатай бага хүүтэй бонд гаргаж дэд бүтцээ барьж байгуулдаг. Харин манайх хүүтэй бондоор  зам барьж дэлхийд байгаагүй жишиг тогтоож байв. Өөрөөр хэлбэл хөгжилд хаягласан бондын хөрөнгийг үхмэл хөрөнгө болох замд зарцуулсан гээд үр ашиггүй зарцуулалтыг хийж ирсэн гэдгийг шинжээчид шүүмжилдэг. Төсвийн жилийн орлого 19 их наяд төгрөгтэй тэнцэж буй Монгол Улс өрөө хаанаас төлөх вэ гэдэгт  гарц хайж байна. Их хэмжээний өр нь эдийн засгийн өсөлтийг бууруулдаг бол зохистой хэмжээ нь эдийн засгийг дэмждэг. Үнэндээ эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын орон зай хязгаарлагдаж байгаа нь гадаад өрийн менежментийг оновчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Цаашид гадаад өрийг шийдвэрлэх хэрэгслүүдийн давуу болон сул талыг харьцуулах замаар өрийн удирдлагын оновчтой стратегийг боловсруулан харэгжүүлэх сорилт бидний өмнө тулгараад байна.

 2023 оны хувьд эдийн засгаа өндийлгөхөд төрийн зөв бодлого гол нөлөө үзүүлнэ хэмээн эдийн засагчид өгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнээс хамааралтай сайн, муу шийдвэр эргээд эдийн засгийн хөрсөнд буудаг учраас  үүнд хянуур хандах нь чухал юм

     

       

Холбоотой мэдээ