ХОВД: “Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд байгууллагууд нэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-01 12:55:48

Жаргалант /МОНЦАМЭ/. Жилийн турш үргэлжлэх “Энэ жилдээ эрүүл жиндээ” аян улсын хэмжээнд амжилттай өрнөж байна.


Аяны хүрээнд Ховд аймагт дасгал хөдөлгөөнийг дэмжих, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаа, спортын тэмцээн, нөлөөлийн ажил зохион байгуулж буй. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, коллежийн хамт олныг тус аяны үйл ажиллагаанд идэвхтэй хамруулж, иргэдийг өргөнөөр татан оролцуулж байна.


Энэ удаа Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-өөс "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяны хүрээнд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт спортын тэмцээн зохион байгууллаа. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болсон энэхүү тэмцээнд эмэгтэй 12 баг, эрэгтэй 4 баг оролцож, гар бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн байна.


Тэмцээний үйл ажиллагаа нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэндий спортын авьяас чадварыг дээшлүүлэх, баг хамт олныг идэвхжүүлэх зорилготой.


“Хөдөлгөөн эрүүл мэнд” спортын тэмцээний нэгдсэн дүнгээр эмэгтэй багуудаас Мэдрэлийн өвчин судлалын тасаг болон Дүрс оношилгооны тасгийн хамтарсан баг, Эх барих эмэгтэйчүүдийн клиник, Хүүхдийн клиникийн баг тамирчид тус тус манлайллаа. Харин эрэгтэй багаас Ч.Ганцоож ахлагчтай баг тамирчид нэгдүгээр байр, Б.Содномпил ахлагчтай баг хоёрдугаар байр, Б.Батмягмар ахлагчтай баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Нийт баг тамирчид хувцас жигдрэлт, бэлтгэл сайн хангасан бөгөөд тоглолт бүр маш өрсөлдөөнтэй үргэлжилсэн гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ