ТӨВ: "Эв нэгдэл цом-2023" таеквондогийн олон хотын нээлттэй тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-01 17:29:24

Зуунмод /МОНЦАМЭ/ Олимпын таеквондогийн “Эв нэгдэл цом-2023” олон хотын нээлттэй тэмцээн Зуунмод хотноо 4 сарын 28-30-ны өдрүүдэд болов.


Тус тэмцээнийг Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм.

Энэхүү тэмцээнд 41 байгууллагын 1200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг бага нас, өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн насны ангиллаар зохион байгуулсан байна.


Багийн нийлбэр дүнгээр Хар бүсний ангилалд Тэргүүн байрт "Эхлэл" клуб /Ehlel taekwondo club/, дэд байрт "Спортын төв сургууль", гутгаар байрт Өвөрхангай аймгийн "Шонхор" клуб, В ангилалд тэргүүн байрт “Билгүүн Сүлд” Таеквондо клуб, дэд байрт “ЧОНОС” таеквондо клуб, гутгаар байрт “Tornado Kick” Taekwondo Club, С ангилалд тэргүүн байрт “Билгүүн Сүлд” Таеквондо клуб, дэд байрт “Tigers Olympic” Taekwondo Club, гутгаар байрт “Temuujin” Taekwondo Club тус тус шалгарлаа.


Шилдэг дасгалжуулагчаар “Билгүүн Сүлд” клубын дасгалжуулагч О.Энхбилгүүн, Шилдэг шүүгчээр Улсын шүүгч Н.Удвал, Шилдэг эрэгтэй тамирчнаар "УБ-Хүчит шонхор" клубын  У.Бодь-Эрдэнэ, Шилдэг эмэгтэй тамирчнаар "Эв нэгдэл" клубын А.Энхжаргал нар тус тус шалгарчээ.


Нэг сарын өмнө "Арслан Таеквондо" Клуб-ын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Ирээдүйн одод-2023" тэмцээнд таеквондогийн тулаан, хурдан өшиглөлтийн төрлөөр нийт 1400 тамирчин өрсөлдсөн нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ рекорд болон тэмдэглэгдэж байлаа. Тэгвэл энэ удаагийн "Эв нэгдэл цом-2023" тэмцээнд таеквондогийн дан тулаан төрлөөр 1200 тамирчин оролцсон нь бас нэгэн шинэ рекорд болсон гэдгийг тэмцээний зохион байгуулагчид онцолж байна. 
Холбоотой мэдээ