ДАРХАН-УУЛ: Палеонтологийн ховор олдворуудыг худалдахаар бэлтгэж байсан хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-09 15:04:12

ДАРХАН /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багт оршин суух М нь палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэж байсан гэмт хэргийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээлэв.


Өнгөрсөн гуравдугаар сард Экологийн цагдаагийн албанаас дээрх олдворыг шинжлүүлэхээр ШУА-ийн палеонтологийн хүрээлэнгийн төвд өгсөн аж. Шинжилгээгээр уг олдворуудын ихэнх нь палеонтологийн олдворт хамаарч, дотроо 15-30 сая жилийн өмнө амьдарч байсан савхт хирсийн мөчний ясны хэсэг, үлэг гүрвэлийн нурууны үе, сүүлний үеүд, үлэг гүрвэлийн хавирганы хэлтэрхий байгаа нь тогтоогджээ.


Соёлын биет өв, нэн ховор олдворуудын хууль бус худалдаанд анхаарал хандуулж энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч байх шаардлагатай. Учир нь хил дамнан олон улсын хэмжээнд худалддаг, ноцтой гэмт хэрэгт тооцогддог ажээ. Тиймээс энэ ховор олдвороо эх оронд нь хадгалах, хамгаалах гадагш гаргахгүй байх тал дээр иргэдийн оролцоо чухал. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, иргэний үүргээ биелүүлж байхыг Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсээс уриалж байна.


Эдгээр олдворууд нь соёлын биет өвд хамаарагддаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хувьд ял шийтгэл нь: Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах:

1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.

Холбоотой мэдээ