ДУНДГОВЬ: “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдаагаар тарьц, суулгац, үр, үрсэлгээ худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-12 08:49:51
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг угтан 5 дугаар сарын 11-12-нд “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг Мандалговь хотноо зохион байгуулж, модны үр, үрсэлгээ, хөрс, бордоо, тариалангийн багаж хэрэгсэл гээд мод тарьж, тариалан эрхлэхэд хэрэгцээтэй бүхнийг хэрэглэгчдэд нийлүүллээ.

Тус үйл ажиллагааг БОАЖГ, ХХААГ, Сум дундын ойн анги, Сайнцагаан сумын ЗДТГ, Ойн газар, ХХҮГ хамтран зохион байгуулж тариалан эрхлэгчид, "Хан дээж" ХХК оролцож байна. 



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг 2023 онд 100,0 гаруй мянган мод тарихаар төлөвлөжээ. Маргааш 5 дугаар сарын 13-нд "Бүх нийтээр мод тарих өдөр" тохиож буй. Энэ өдрөөр иргэн бүрийг мод тарихыг уриалж байгаа ба энэ хавар 40,0 гаруй мянган мод тарих ажээ.

"Дундговио ногооруулъя" үзэсгэлэн худалдаагаар 12 төрлийн модны тарьц суулгац, 24 төрлийн мод тарих арчлах багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, 15 төрлийн нарийн ногоо, хүнсний ногооны үр, 3 төрлийн ногооны үрсэлгээг худалдаж, иргэдэд хэрхэн тарих аргачлалыг заан зөвлөгөө өгч байна.

Үзэсгэлэн худалдааны 2 дахь өдөр БОАЖГ-аас жимсний модны тарьц суулгац нэмж нийлүүлэх ажээ.







Холбоотой мэдээ