ДАРХАН-УУЛ: Энэ хаврын мод тарих хөдөлгөөнийг сурагчид эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-15 08:13:58

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон-Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарьж ургуулах зорилт дэвшүүлсэн. Энэ жилийн мод тарих өдрийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламентын сурагчид эхлүүллээ.  

Тодруулбал, Өсвөрийн парламентын сурагчдын санаачилгаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид нэгдэн “Шинэ иргэний төгөл” өнгөрсөн баасан гарагт мод тарилаа.


Мод тарих үйлсэд Од, “Оюуны Ирээдүй” цогцолбор, ЕБ-ын 15 дугаар сургуулийн 20 бүлгийн сурагчид оролцож шинэс мод тарьсан аж. Мод тарих ажлыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд оролцож, сурагчдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ. Тус газрын ажилтнууд ажил үүргийн дагуу цаашид модны арчилгаа, усалгааг хариуцан ажиллах хэдий ч сурагчид өөрсдийн тарьсан модоо ургуулахад анхаарч давхар арчилгаа хийх аж.


Мод тарьж хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч өнгөрсөн жил төгссөн сурагчид Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд 650 ширхэг мод тарьсан. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургыг бууруулахад хүн бүр өөрсдийн хувь нэмэр оруулж мод тарихыг сурагчид уриаллаа.

Холбоотой мэдээ