АРХАНГАЙ: Хогийн цэгийн 8 га газарт “Архангай 100” ногоон төглийг байгуулав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-05-15 09:08:02

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хаврын мод тарих үндэсний өдөр” Архангай аймагт энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд боллоо.

Архангай аймгийн 100 жилийн ой ирэх зун болох тул аймгаа зорин ирэх иргэдийн ая тухтай, тааламжтай байдлыг бүрдүүлэх зорилгоор “Архангай-100” ногоон төглийг аймгийн Цагаан хаалганы баруун хойно буюу нэгдсэн хог хаягдлын цэг байсан 8 га газарт нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр эхлүүллээ.

Архангай-100 ногоон төгөл байгуулах үйл ажиллагааны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр мод тарилаа.


Энэ талбайд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бүхий л албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд нийт 7800 ширхэг бургас, улиас модыг тарилаа. Иргэд ч аймгийнхаа 100 жилийн ойн хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалтад оролцсондоо таатай байв.


Арчлалт, хамгаалалтын тухайд уг талбайг тойруулж, мал, гахай орохоос хамгаалж хашаа барьсан ба худаг гаргаж, услалтын системийг байршуулсан юм. Ингэснээр тарьсан бүх мод 100 хувийн амьдралттай байна гэж харж байгаа юм. Аймгийн хэмжээнд тарьсан моддын 92 хувь нь амьдралттай байгааг БОАЖГ-ын ойн мэргэжилтэн хэлж байлаа.    


Архангай аймгийн хэмжээнд 36,6 мянган га талбайд хогийн 19 цэг байдаг ба үүний 8 га газарт нөхөн сэргээлт хийх, төгөл байгуулах ажлыг ийнхүү эхлүүллээ.