СЭЛЭНГЭ: Аймгийн Нэгдсэн музейгээр он гарсаар 4000-аад хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-18 14:39:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейг 2022 онд нийт 14 мянган хүн үзэж сонирхсон бол он гарсаар өнөөдрийн байдлаар 4000-аад хүн үйлчлүүлжээ.


Тус хамт олон өнөөдөр Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлттэй иргэдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал тэдний дунд музейтэй холбоотой асуултаар АХА тэмцээн явуулж, музейн үзмэрээ үзүүлэх гэнэ.


Аймгийн нэгдсэн музейн хувьд 2022 онд бүх үзмэрээ шинэчлэн дэглэсэн. Энэ нь анх байгуулагдсанаас хойш 52 жилийн дараа болж буй үйл явдал юм.


Тус музей 3200 гаруй үзмэртэй. Эдгээрийн 1600 орчим нь Ардын хувьсгалын түүхтэй холбоотой уран баримал, уран зураг болон биет үзмэрүүд юм. Эднийх нийт үзмэрийнхээ 40-50 хувийг үзэсгэлэнгийн танхимдаа гаргадаг аж. 

Тус музей нь орчин үеийн нөхцөл, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж виртуал музей болгох зорилт дэвшүүлсэн байна. Одоогоор бүх нөхцөл бүрдсэн бөгөөд МУИС-ийн багш А.Энхбаярын багийнхны хийж байгаа төслийг хүлээж байгаа хэмээн Музейн захирал хэллээ.



1971 онд анх үүдээ нээсэн тус музейн зарим үзмэрүүд, тухайлбал уран зураг болон бусад бүтээлүүд хуучирч муудсан учраас сэргээн засварлах, шинэчлэн дэглэх ажлыг 100 сая төгрөгийн төсөвт өртгөөр 2022 онд хийж гүйцэтгэжээ. Энэ ажилд Соёлын яам болон бусад холбогдох газрууд хамтран оролцсон байна.


Аймгийн Нэгдсэн музей 2020 онд их засвар хийснээр үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн аж. Тус музейг үзэж буй үзэгчдийн 60 орчим хувь нь хүүхэд багачууд, оюутан, сурагчид байна. Тухайлбал Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгийн төв, сумдаас зохион байгуулалттайгаар зорин ирж үздэг ажээ. Түүнчлэн жуулчид, аялагчид, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын иргэд нэлээд үздэг аж. 

Тус музей виртуал болсноор музей сонирхогчид газар дээр нь ирж үзэхээс гадна зайнаас үзэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн захирал М.Баярбаатар өгүүллээ.


Аймгийн Нэгдсэн музейн зураг төслийг 1969 онд ЗХУ-д хийж, Хувьсгалын музей нэрээр 1971 онд анх байгуулжээ. Ингээд 2004 онд аймгийн орон нутгийг судлах музейг нэгтгэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей болгож, Хувьсгалын өлгий Алтанбулаг суманд шилжүүлсэн байна. Өнөөдөр тус музей нь Орон нутаг судлах, Ардын хувьсгалын гэсэн хоёр танхимтай, 14 хүний орон тоотой ажиллаж байна. 

Музей сонирхогч та тус музейд ирвэл монгол нутагт хүн амьдарч байсныг гэрчлэх эртний хүний яс, Хүннүгийн үеийн булш, арслан заан, зэрлэг үхэр, савагт хирсний яс, чулуужсан мод, чулуун болон хүрэл зэвсэг, 13-р зууны үеийн монгол цэргийн дуулга, илд бамбай, зэр зэвсэг, хөө хуяг, Н.Цүлтэм, Г.Одон, Ю.Дорж, Ц.Жамсран, С.Рэнцэн, Д.Амгалан, С.Дондог, Г.Дунбүрээ, Б.Гомбосүрэн, Б.Батсүх, Б.Баясгалан, Г.Баяраа, Б.Балдан, Ж.Нямсүрэн, Б.Балдорж, Л.Махбал, М.Бүтэмж зэрэг Монголын нэрт зураач, уран барималчдын Ардын хувьсгалын сэдэвт уран зураг, уран баримал, шигтгэмэл зургийн бүтээлүүдийг үзэж сонирхох болно.


Түүнчлэн их жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Бумцэнд, Ардын хувьсгалд оролцсон партизануудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, малгай, дээл, хантааз, гутал хувцас, ширээ, сандал, бичгийн хэрэглэл, зэвсэг, эд хэрэглэлийг ч үзэж сонирхох болно.


Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь орон нутагтаа музейн зориулалттай барьсан барилгатай музей гэдгээрээ онцлогтой. Тус музейн цаашдын хөгжлийг Ардын хувьсгалын түүхийг харуулсан анхны хэлбэрийг нь хадгалан өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа хэмээн тус музейн дарга М.Баярбаатар ярилаа.  

Холбоотой мэдээ