ОРХОН: Боломжийн хомсдолоос ядуурал бий болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-19 10:47:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/Орхон аймгийн төрийн албан хаагчдын жендэрийн тухай мэдлэг, ойлголтыг бататгах зорилготой “Хөгжилд хамтдаа” өдөрлөг эхэллээ. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ, “Бүтэн бүлээн” ТББ, “Хэвлэл мэдээллийн харьцангуй зарчим” ТББ хамтран зохион байгуулж байна.



Өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ, “Орхон аймаг төрийн бодлого, шийдвэртээ жендэрийн тэгш байдлыг тусгаж ажиллахыг хичээдэг. Үүний нэг жишээ нь жендэрийн мэдрэмжтэй төсөв, төлөвлөлт, байгууллагыг дэмжих, БОЭТ-д эрэгтэйчүүдийн “Урологийн тасаг” байгуулах, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг  баталсан гээд олон жишээг хэлж болно” гэсэн юм.


ЯАГААД ЖЕНДЭР ГЭЖ?

Сургалт, өдөрлөгийн эхэнд, МУИС-ийн багш, доктор, профессор, жендэрийн шинжээч А.Солонго “Яагаад жендэр гэж” сэдвээр илтгэл тавьсан юм. Монголчуудын жендэрийн тухай хэвшмэл ойлголт нь уламжлалт ёс заншил, хандлагатай холбоотой байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд юуны өмнө бодлого, шийдвэр гаргаж буй удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, сэтгүүлч, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй гэлээ.


Жендэрийн тэгш байдал гэдэг нь БОЛОМЖ-ийн тэгш байдал юм. Монголд боломжийн хомсдолоос үүдэж ядуурал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний ялгаа боломжийн хомсдолтой холбоотой байдаг. Иймд шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид эрэгтэй, эмэгтэй хүнд ТЭГШ БОЛОМЖ олгохын тулд жендэрийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай гэсэн юм.

Монголд жендэрийн тэгш бус байдал хэрхэн нөлөөлж байна вэ гэхээр, нэгд, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт 10 насаар зөрүүтэй байгаа бол цалин, хөлс, хөдөлмөрийн үнэлэмж эрэгтэй, эмэгтэй хүнийх 201 мянган төгрөгөөр ялгаатай байна. Уул уурхайн салбарт ажиллаж буй эрэгтэй хүн сард 2.5 сая төгрөг авч байгаа бол хамгийн олон эмэгтэй хүн ажилладаг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан 930 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мэтчилэн эрэгтэй, эмэгтэй хүний хэрэгцээ, эрх мэдэл, хуулийн өмнө ялгаатай байдал ядуурлыг бий болгодог байна. 


Холбоотой мэдээ