ДУНДГОВЬ: "Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” 5 өртөөгөөр мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-19 16:35:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй АМЕП-2 (Австрали, Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр) хөтөлбөрийн хүрээнд “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” өртөөчилсөн сургалт, хэлэлцүүлгийг Хулд сумнаа энэ сарын 18-нд зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смит, АМЕП-2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз, тус хөтөлбөрийн ажилтан, сайн дурын ажилтнууд, Монголын тогтвортой хөгжлийн нийгмийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа, Майнинг Инсайт сэтгүүлийн баг, УУХҮЯ, Гадаад харилцааны яам, Дундговь аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, төрийн албан хаагчид, тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаний төлөөлөл, иргэд, сургуулийн сурагчид 100 гаруй хүн оролцжээ.


No description available.

АМЕП-2 хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүэндүэз үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ УУХҮЯ болон Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр АМЕП-2-ийг 2015 оноос хэрэгжүүлж, эхний үе шат нь 2019 он хүртэл үргэлжилсэн бол одоо хоёрдахь үе шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг дурдаж, энэ хугацаанд төслийн үйл ажиллагаа Төр, ИНБ, компаниуд уул уурхай, эрдэс баялгийн салбарын бүх оролцогчидтай хамтран энэ салбарын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтыг илүү ил тод, оролцоонд тулгуурласан, орон нутгийн иргэдийн ашиг сонирхол, байгаль орчныг хамгаалсан чанартай хөрөнгө оруулалтын орчныг дэмжихэд чиглэж ирсэн гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” нь орон нутгийн иргэдэд уул уурхайн салбар, түүний ашиглалтын мөчлөг, тэдгээрийн үнэ цэн, боломж, нөлөө, ач холбогдлыг ойлгуулах зорилготой бөгөөд хоорондоо санаа бодлоо хуваалцах, ярилцах, биечлэн оролцох боломж олгож байна гэсэн юм.


No description available.

АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-аас “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ, Булган аймгийн Бүрэгхангай, Дундговь аймгийн Хулд суманд хэрэгжүүлж байгаа ба  3 дугаар сард дээрх гурван сумын иргэдийн геологи, уул уурхайн талаарх мэдлэг ойлголт, оролцоо, хандлага, хүлээлтийг тодорхойлох судалгаа хийжээ.

Судалгаагаар уул уурхайн салбарын оролцогч болон иргэдийн дунд тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх, гарц шийдэл эрэлхийлэх, уул уурхайн үйл ажиллагааны шийдвэр гаргалтад орон нутаг, иргэдийн оролцоог хангах, ил тод байх зэрэг харилцааны асуудлууд байсан учраас “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” зохион байгуулахаар болсныг Монголын тогтвортой хөгжлийн нийгмийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа онцолсон юм.

Сургалтыг 5 өртөөгөөр аялуулан, оролцоо, туршилтад тулгуурлан мэдлэг олгож, өөрсдийх нь санаа бодлыг сонсож, харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан нь иргэдэд маш их таалагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхдүүдэд ч оролцох боломжийг бүрдүүлж, тэд уул уурхайн салбартай холбоотой зураг зурж, будаж, баримлаар бүтээл хийж, өөрсдийнхөө хийснийг танилцуулж байсан тул оролцох хүүхдүүдийн дараалал бий болж байсан. Өртөө бүр 20 хүнийг хүлээн авч, бүх оролцогчдыг 5 өртөөгөөр аялуулан мэдлэг олгосон нь тус үйл ажиллагааны онцлог байлаа.

Эхний буюу “Ойлгоё, мэдье!” хэмээх өртөөнд геологи, уул уурхай, уул уурхайн мөчлөг, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааг танилцуулж, WR төхөөрөмжөөр оролцогчид гүний уурхайгаар аялсан юм.


No description available.

Дараагийн “Туршилт хийцгээе!” өртөөнд Геологи, хайгуул, чулуулгийн талаар болон геологич мэргэжил, эрэл хайгуул хэрхэн хийдэг тухай, Монгол Улсын өнцөг булан бүрээс авсан чулуу, чулууны онцлогийг танилцуулсан. Тус өртөөнд туршилтын лаборатори ажиллуулж,хамтдаа туршилт хийж, үнэт чулууг хэрхэн танихыг иргэд мэддэг болсон байна.


No description available.

Гуравдугаар өртөөнд “Эд юмс юунаас үүсдэг вэ?” буюу олборлосон эрдэс, түүхий эдээр юу хийдэг тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн ойлголт өгч, эрдэс түүхий эдийн эцсийн бүтээгдэхүүнийг олох хөгжөөнт тоглоом тоглож, “Миний хөөрхөн хөрөг” баримлаар бүтээл урлажээ.


No description available.

“Хамтдаа хянацгаая!” өртөөнд “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг”-ийн аргачлалыг танилцуулж, хамтдаа хэмжилт, хийж туршиж, агаар, ус, хөрсний бүтэц, шинж чанар, өөрчлөлт, анхаарах зүйлүүдийг таниулжээ. Тус өртөөнд Хулд сумын сургуулийн багш, сурагчид идэвхийлэн оролцсон юм.


No description available.

Хамгийн сүүлийн буюу “Мэдлэгээ баталгаажуулья” өртөөнд оролцогчид өмнөх 4 өртөөгөөр аялж, олж авсан мэдлэгээ баталгаажуулах үйл ажиллагаа болсон. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд иргэдийн оролцоо, нөлөөлөл чухал бөгөөд оролцохын тулд мэдээлэл, мэдлэг хэрэгтэй гэдгийг энэ өртөөнд тэд ойлгож авжээ. Бүх өртөөгөөр явж олж авсан мэдлэгийг нь бататгахын тулд “Мэдлэгийн зах”-Та битгий уурлаарай” хөлөгт тоглоомыг ашигласан нь оролцогчдын сонирхлыг ихээр татжээ.


No description available.

Тус суманд болсон “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал”-ын талаар оролцогчид “Маш сонирхолтой байлаа, уул уурхайн салбарын тухай их зөв ойлголттой боллоо, танхимд сууж мэдээлэл авахаас илүү өөрсдөө биечлэн оролцож, туршиж, нүдээр харьж, барьж үзэж, тоглож, санаа бодлоо солилцох байдлаар оролцсон нь маш өвөрмөц, сонирхолтой байсан” зэргээр өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүнчлэн үйл ажиллагааны хүрээнд “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал”-ын 5 өртөөгөөр аялж, мэдлэгтэй болсон оролцогчдод Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг тэргүүтэй хошин урлагийн жүжгийн баг тоглолтоо сонирхуулжээ. 


No description available.

Холбоотой мэдээ