Францыг уранаар хангахын тулд Монгол дахь “Orano” -гийн төслүүдийг эрчимжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-22 07:08:34

ПАРИС. /EFE/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ ням гарагт Монгол Улсад анхны айлчлалаа хийлээ. Тэрбээр тус улстай олон салбарт, ялангуяа, Монгол дахь “Orano” компанийн төслүүдийг эрчимжүүлэх зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор айлчилж буй юм.


Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Улаанбаатар хотноо албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ атомын цахилгаан станцын түлш болох ураны олборлолтоор мэргэшсэн Францын төрийн өмчит энэхүү компанийн эдгээр төслийн талаар дурджээ. 


Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй “эрчим хүчний хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх” талаар ярилцлаа хэмээгээд Монгол Улс нь эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг нийлүүлэх замаар үүнд хувь нэмрээ оруулах боломжтой гэж хэлсэн байна. 


Юуны өмнө энэ бүхнийг "байгаль орчин, нийгмийн шилдэг стандартад нийцүүлэн" хийнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Э.Макрон “Orano”-гийн Монгол дахь үйл ажиллагаа нь "чухал хүчин зүйл”  байх болно хэмээгээд энэхүү ашигт малтмалын олборлолтыг "аюулгүй байдлын шилдэг туршлагыг баримталж, хүрээлэн буй орчны төрх байдал, орон нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, бүс нутгийн хөдөө аж ахуйн үйл ажиллагааг бүрэн хүндэтгэн" явуулна гэж дахин хэлсэн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч хариуд нь, дэлхийн дулаарлыг сааруулах тухай 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэснийг онцлон тэмдэглэжээ.


“Orano” нь Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил гаруй болж байгаа бөгөөд уран олборлох хайгуулын ажил хийж байна. Тус компани нь Монголд дэлхийн томоохон ураны ордуудыг нээж, ашиглалтын гурван лиценз авч, хоёр удаа туршилтын олборлолтыг амжилттай хийжээ.


Францын компани гучин жилийн турш олборлолт явуулахаар төлөвлөж байгаа "Зөөвч Овоо" төслийн уурхайн цогцолборын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар Монголын төрийн өмчит "МонАтом" компанитай хамтран ажиллаж байгаа юм.


Францын цахилгаан эрчим хүчний 70 орчим хувийг 46 цөмийн реактор бүхий парк үйлдвэрлэдэг бөгөөд Э.Макроны Засгийн газар цэвэр эрчим хүчинд шилжих зорилтынхоо хүрээнд энэ эрчим хүчнээс гадна сэргээгдэх эрчим хүчний талаар ойрын хэдэн арван жилийн хугацаанд хатуу амлалт өгсөн юм. 


Орос, Хятадын дунд оршдог Монгол Улсын төрийн тэргүүнтэй Украины дайны талаар яриа өрнүүлсэн тухайгаа тэрбээр цохон тэмдэглээд, дайны үр дагавар зөвхөн Европоор хязгаарлагдахгүй гэдгийг онцолжээ.


Э.Макрон хууль дээдлэх ёс, ардчиллын зарчмуудыг хамгаалж байгаад мөн талархал илэрхийлээд, “Монгол Улс энх тайван, олон улсын аюулгүй байдалд тулгуурласан олон талт тогтолцоонд хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэв.


Э.Макрон У.Хүрэлсүхийг Франц улсад ирэх аравдугаар сард албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ нь Нант хотод Монголын түүхийн агуу зүтгэлтэн болох Чингис хааны тухай үзэсгэлэнг зохион байгуулахтай давхцаж байна. 

Холбоотой мэдээ