Хятадын хойд нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан мөрнүүд олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-26 16:11:30

ХӨХ ХОТ. /Xinhua/. Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ны нутгаас 120 сая орчим жилийн өмнөх үеийн үлэг гүрвэлүүдийн 53 чулуужсан мөр олдсон талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.


Хамгийн том нь 43 см урттай мөрнүүдийг Ордос хотын Отог хошууны үлэг гүрвэлийн олдворын үндэсний байгалийн нөөц газраас илрүүлсэн байна.


Судлаач Жан Лифүгийн хэлснээр, энэхүү газарт Цэрдийн галавын үед буюу үлэг гүрвэлүүд амьдарч байх үед намгархаг газар, гоёмсог ургамлуудтай нуурууд байжээ. Шинээр олдсон мөрнүүд нь махчин үлэг гүрвэлүүдийнх гэж тэрбээр ярьсан байна.


Отог хошууны үлэг гүрвэлийн олдворын үндэсний байгалийн нөөц газар нь 46 410 га талбайг хамардаг бөгөөд Хятад дахь үлэг гүрвэлийн ул мөр бүхий цорын ганц үндэсний байгалийн нөөц газар юм. Эндээс үлэг гүрвэлүүдийн 10 гаруй төрлийн 10 мянга орчим ул мөр олдсоноос гадна сээр нуруутан амьтад, загас, яст мэлхий, матар, сээр нуруугүйтэн амьтдын чулуужсан үлдэгдэл ч мөн олдож байжээ.


Мэргэжилтнүүд чулуужсан олдворуудыг хамгаалах ажлыг явуулж байна гэж Ордосын баруун хэсэгт орших байгалийн нөөц газрын удирдах албаны ажилтан Дан Жанпин хэлсэн байна. 

Холбоотой мэдээ