ОРХОН: Д.Энхзориг: Орхон аймгийн хөгжлийн шийдлийн нэг нь цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-26 18:32:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн нийтийн тээврийн салбарт автобус, gps системийг нэвтрүүлж байсан Монгол Улсын Зөвлөх инженер Д.Энхзоригтой ярилцлаа.


-Улаанбаатар хотын түгжрэл, утаанаас үүдэлтэй иргэд хөдөө орон нутгийг сонгон шилжин суурьших, тэр дундаа Эрдэнэт хотыг сонирхож байна. Үүнийг дагаад автомашины тоо ч нэмэгдэнэ. Үүнд манай дэд бүтэц,  авто замын ачаалал,  нийтийн тээврийн хүртээмж бэлэн үү та юу гэж бодож байна?

-Хот хүрээгээ тэлж, шинэ хорооллууд бий болоход дагаад нийтийн тээврийн үйлчилгээ, автобус, таксины зогсоолын төлөвлөлтүүдийг хийж байх ёстой. Төлөвлөлтийг тухайн салбарын мэргэшсэн инженерүүд хийх ёстой. Энэ нь эргээд хотын стратеги, бодлого төлөвлөлттэй шууд холбоотой байдаг. Иймд мэргэжилтний судалгаа, баталгаатай төлөвлөлт маш чухал. Гэтэл манай орон нутгийн стратегийн чухал ач холбогдолтой шийдвэрүүд инженерийн биш төлөөлөгчийн санал бодолтой уялдаж гарч байгаад гол асуудал байна. Шинээр барих нь нэгэнт тодорхой болсон хорооллуудтай зэрэгцүүлээд дэд бүтцийн асуудлуудыг давхар шийдвэрлэх ёстой байтал эхлээд хорооллоо барьчихаад дараа нь замаа шийдэж байгаа нь буруу юм.


-Эрдэнэт хотод сүүлийн жилүүдэд ажил эхлэх, тарах цагаар автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж түгжрэл үүсэж  байна. Бид  хоёр дахь Улаанбаатар болохгүйн тулд юуг хийх ёстой вэ? Урьдчилан сэргийлэх боломжийг та юу гэж харж байна?

-Ерөөсөө л нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах. Нийтийн тээврийн чанар, хүртээмж хангалтгүй байгаа учраас л иргэд хувьдаа машинтай замын хөдөлгөөнд оролцохыг хүсч байна. Орхон аймагт жилд дунджаар 1000 машин нэмэгддэг гэсэн тооцоо бий. Одоо манай хотын зовлон юу болж байна вэ гэхээр замаа яаж өргөтгөх вэ, зогсоолоо яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал. Хот тэлнэ, шинэ хорооллууд барих нь тодорхой учраас суурь төлөвлөлтүүдийг л бид нарийн гаргаж өгөх ёстой.

Хот төлөвлөлтөд нийтийн тээврийн үйлчилгээг юу гэж заасан байдаг вэ гэвэл 1000 хүн ам тутамд нэг автобус, 2 такси байхаар төлөвлөнө гэж заасан. Энэ бол олон улсын жишиг. Хот энэ жишигтэй л уялдуулж зам, тээврийн төлөвлөлт, шинэчлэлийг хийж байх ёстой.  Нийтийн тээвэр нь ая тухтай, хаана явж байгааг хянах боломжтой, хэзээ ирэх вэ гэдэг нь тодорхой, маршрут чиглэл нь хүртээмжтэй, хүлээлгийн цаг багатай, тасралтгүй үйл ажиллагаатай бол хүн бүр хувьдаа машин авч, түгжирч явахыг хүсэхгүй.  Хүнд бид сонголтыг л бий болгож өгөх ёстой. Машинаа унах уу, нийтийн тээврээр явах уу... гэдэг.


-Өнгөрсөн хугацаанд таны гаргасан санаачилгуудаас хамгийн өгөөжтэй, бусдад тулгарсан асуудлыг шийдвэрлэж чадсан ямар жишиг байна вэ?

-Үүн дээр Орхон аймгийн Авто тээврийн салбарт би юу хийсэн бэ гэдгээ ярьмаар байна. Нэгдүгээрт, Засварын газруудад автомашины үзлэг, оношилгоог үнэ төлбөртэй болгосон. Засварын төвд ирсэн эвдрэлтэй машиныг тааж засахаас илүү яг хаана эвдрэл, гэмтэл байна вэ гэдгийг оношлох нь өөрөө инженерийн мэдлэг, чадвар 100 хувь шаардагдах ажил. Гэтэл үнэгүй оношлуулаад өөр тийшээ явчихдаг нь авто засварын салбарын сул тал байсан. Инженерүүд өөрийн мэдлэг, чадвараа үнэлүүлэх зайлшгүй хэрэгцээ байсан гэж боддог. Үндсэндээ автомашины явах эд ангийн оношилгоо, компьютер оношилгооны үнийн жишгийг  анх удаа Орхон аймагт тогтоож байсан. Түүнчлэн  автозасварын салбарт шинээр нэвтэрсэн технологи, оношилгооны багажуудыг Эрдэнэтийн зах зээлд анхдагчаар нэвтрүүлж байлаа.


-Та 2012 онд Орхон аймгийн тээвэр, авто замын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн гол шинэчлэлт юу байв?

-Нийтийн тээвэрт автобус явах боломжоор хангаж, нөхөн олговор авдаг болгосон. Ингэснээр ахмад настан, хүүхэд, оюутан зэрэг зорилтот бүлгийн иргэд үнэ төлбөргүй зорчих боломжийг хангаж, улсын төсвөөс нийтдээ 850 сая төгрөгийг нөхөн олговорт олгох шийдвэр гарч байлаа. Мөн нийтийн тээвэрт GPS системийг нэвтрүүлж, камертай болгосноор иргэд гар утаснаасаа нийтийн тээврийг хянах боломжтой болсон. Тухайн үед Орхон аймгийн нийтийн тээвэрт 400 гаруй микро автобус, 600 гаруй такси явдаг, хүүхэд, оюутан, сурагч, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход заавал мөнгөө төлж явдаг байсан. Тодорхой иргэдийн эрхийг зөрчдөг байсан учраас нийтийн тээвэрт автобусыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж микро автобуснуудыг шат дараатайгаар чөлөөлж, бүх чиглэлд автобус явдаг болгосон. Ингэснээр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог зорилтот бүлгийн иргэдийн нөхөн олговорт улсын төсвөөс нийтдээ 850 сая төгрөгийг татан төвлөрүүлж чадсан. Ажлын арга барил зөв байсан учраас эхнээсээ сайн үр дүн гарсан байх гэж боддог.


-Цаашид нийтийн тээвэр гэлтгүй Эрдэнэт хотоо хөгжүүлэхэд бид яах ёстой вэ?

-Орхон аймаг үйлдвэрлэгч болох ёстой. Би авто механикийн инженер хүн учраас энэ салбарт Орхон аймагт маш том орон зай байгаа гэж хардаг.  Автомашины хөгжил, техник технологийн хөгжил хаашаа явж байна, бид түүнтэй уялдуулж хөгжих ёстой. Дэлхий илүү тогтвортой, ногоон хэрэглээтэй болохыг зорьж байгаа энэ үед автомашины зах зээл hybrid system буюу цахилгаан хөдөлгүүрлүү үе шаттайгаар бүрэн шилжиж байна. Энэ бол ойрын ирээдүй. Цахилгаан хөдөлгүүрийн хамгийн гол түүхий эд бол зэс. Бидэнд зэс байна, Эрдэнэт үйлдвэр, үүнийг хийдэг цех нэгж, инженерүүд нь байна. Бид зэс утсаа үйлдвэрлээд цахилгаан автомашины хөдөлгүүр ороодог болчих юм бол одоо улсад төвлөрүүлж байгаа төсвөөс хэд дахин илүүг олох боломжтой. Яагаад бид TESLA, TOYOTO-д цахилгаан хөдөлгүүр нийлүүлж болохгүй гэж... Ядаж тэдний үйлдвэрлэдэг ганцхан сери, төрлийн машинд нийлүүлдэг болоход л бидэнд одоогийнхоос хэд дахин илүү боломж нээгдэнэ. Орхон аймгийн хөгжилд байж болох шийдлийг би цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэх гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ