“The Little Mermaid” нээлтээ хийсэн долоо хоногтоо тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-29 11:10:15

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Америкийн “Disney” компанийн уран бүтээл “The Little Mermaid” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 95.5 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлжээ.


Мюзикл, уран зөгнөлт жанрын энэхүү кино нь “Disney”-ийн 1989 онд үзэгчдийн хүртээл болгож байсан ижил нэрт хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар юм. Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсений 1837 онд туурвисан үлгэрээс сэдэвлэсэн кинонд адал явдал эрэлхийлэгч Ариэль хэмээх залуу, үзэсгэлэнтэй лусын дагинын талаар өгүүлдэг.


Америкийн найруулагч, продюсер Роб Маршаллын найруулсан “The Little Mermaid” уран сайхны киноны гол дүрийг Америкийн жүжигчин Холли Бейли бүтээсэн бөгөөд Дэвид Диггс, Жейкоб Тремблей, Аквафина, Жона Хауэр-Кинг, Арт Малик нарын жүжигчид тогложээ.


The Little Mermaid” нь одоогоор “Rotten Tomatoes” кино үнэлгээний цахим хуудасны мэдээллээр, 67 хувийн үнэлгээтэй байна.  Мөн кино үзэгчдийн зүгээс “A” үнэлгээ өгснийг зах зээлийн судалгааны “CinemaScore” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.


Харин “Universal Pictures” компанийн уран бүтээл “Fast X” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт 23.02 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтын хоёрдугаар байр луу ухарчээ. Нээлтээ хийгээд хоёр долоо хоногийг үдэж буй энэ кино Хойд Америкийн зах зээлээс нийтдээ 108 сая ам.долларын ашиг орлого олоод байна.


Өнгөрсөн долоо хоногийн жагсаалтын гуравдугаарт “Disney”, “Marvel Studios”-ын хамтарсан уран бүтээл “Guardians of the Galaxy: Vol. 3” кино 19.95 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Ингэснээр Хойд Америкийн зах зээлээс 299.4 сая ам.доллар, дэлхийн зах зээлээс нийтдээ 731 сая ам.долларын орлого олсон байна. 

Холбоотой мэдээ