ГЕГ: Цахим бүрдүүлэлтийг хотын гаалиас эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-30 09:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гаалийн ерөнхий газар (ГЕГ) цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийг энэ оны 5 дугаар сарын 1-нээс туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Үүнд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн 7 хяналтын бүсэд хийх бүрдүүлэлтийг хамруулжээ.


Цахим бүрдүүлэлт эхэлж буйтай холбоотойгоор гаалийн байгууллагаас “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр гаалийн байгууллагаас олгож буй тусгай зөвшөөрлүүдийг, тодруулбал, хэрэглэгчийн эрх авах, зуучлагч байгууллагын үйл ажиллагаа зэргийг “Лиценз.мн” сайт болгон цахимжуулж байна. Хорио цээрийн үйл ажиллагааны чиг үүрэг гаалийн байгууллагад шилжиж ирсэнтэй холбоотойгоор мөн цахим системийг нэвтрүүлээд буйг ГЕГ-ын гаалийн мэдээллийн төвийн дарга Б.Ганзориг мэдээллээ.



“Гааль.мн” цахим сайтыг нэвтрүүлснээр гаалийн байгууллага иргэдэд 13, ААН, компани, байгууллагуудад 33 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байна. 


Түүнчлэн гаалийн байгууллага Гэрээ бүртгэлийн болон Бараа бүртгэлийн нэгдсэн системийг Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран нэвтрүүлж байна. Үүгээр Монгол Улсын хилээр орж буй бараа, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч хүртэл борлуулж буй болон борлуулаагүй үлдсэн бүх бараа, бүтээгдэхүүнийг бүртгэн хянах боломжтой болжээ. Энэ системийг Монгол Улсад орж ирсэн бараа, бүтээгдэхүүн хаана, ямар сувгаар худалдаж буйг мэдэх үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зорилгоор мөн ашиглаж буй аж.

Холбоотой мэдээ