ӨВӨРХАНГАЙ: Аймгийн тахилгат Зүүн хайрхан уулыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-31 06:16:57

Өлзийт /МОНЦАМЭ/. Аймгийн тахилгат Зүүн хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг 5 дугаар сарын 30 буюу зуны эхэн сарын шинийн 10-ны билигт сайн өдөр ёслол төгөлдөр үйлдлээ.

Зүүн хайрхан уул нь газар зүйн байршлаараа Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант, Хужирт, Баян-Өндөр сумын уулзварт байрладаг амьтан, ургамлын арвин их төрөл зүйл, сан хөмрөгтэй, ус ургамал нь тэгширсэн үзэсгэлэнт сайхан өгөөмөр баян уул юм.


Нутгийн ард иргэд, сумдын төр захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-аас 2014 онд Зүүн хайрхныг аймгийн тахилгат болгон зарлаж, 2015 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахих шийдвэрийг гаргасан байдаг.

Хүн, байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт уламжлал, нүүдэлчин ардын өв соёлыг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг эдүгээ 3 дахь удаагаа үйлдэж байна.



Аймгийн Засаг дарга А.Ишдорж тахилгын ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Овоо тахилга нь зөвхөн сүсэг бишрэлийн хэрэг төдий биш байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж буй төрийн бодлого юм. Эх болсон байгаль дэлхий, унасан газар, угаасан усаа хайрлан хамгаалах монголчуудын мэргэн ухааны нэг илрэл нь уул усаа тахих ёсон бөгөөд энэ ёс заншил далд ухааны ачаар Монгол нутгийн минь унаган төрх бидний үед өвлөгдөж ирсэн билээ.

Зүүн хайрхан уулын тахилга, ёслол нь цаашдаа Өврийн сайхан хангай нутгийн баатарлаг түүхт, бахдам хөдөлмөрч, ард түмний эх оронч үзлийн онгод хийморийг хөглөж улс орон нутгаа гэх сэтгэл зүрхийг улам хөгжөөн бадраахад оршино” гэв.

Мөн хайрхнаа тайх тахилгыг үйлдэхдээ уламжлалт дэг жаяг, зан үйлийг баримталж, дээд тэнгэрээ шүтэн дээдэлж, онгон дагшин байгалаа аргадан мэхийж, сав шим ертөнцийн гүн нарийн шүтэлцээг ухааран ойлгож, үр хойчдоо сануулан өвлүүлэхийг хуран цугласан зон олонд уриаллаа.

 

Хайрхны тахилгад зориулж, бэсрэг наадам зохион байгуулсан ба 32 бөх барилдсанаас улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлэн аймгийн арслан Т.Довчинсэмбээ үзүүрлэлээ. Мөн их нас, дааганы уралдаан болов.













Холбоотой мэдээ