УИХ энэ оны төсвийн тодотголыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар төсвийн тодотголын гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга М.Энхболд дээрх хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулсан. Төсвийн тодотголыг гишүүдийн 94.4 хувь нь дэмжсэн бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90.7 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.4 хувийн саналаар тус тус батлав.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Мөн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилийг нь харгалзан 36 хүртэлх сарын хэмжээтэй байх талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулан 2016 оны төсвийн тухай хууль хэрэгжих эхлэх хугацаанаас тооцох чиглэлийг Засгийн газарт өгөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжлээ.
Б.Туул