ХОВД: Хүүхдийн тоглоомын талбайн хүртээмж, стандарт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-31 14:55:39

Жаргалант /МОНЦАМЭ/. Хүүхэд багачууд, сурагчид амралт, чөлөөт цагаараа тоглоомын талбайг зорих нь элбэг. Гэтэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн төвд хүүхдийн тоглоомын талбайн стандарт шаардлагад нийцэх хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй тоглоомын талбай байхгүй байна.   

Өнгөрсөн онд Ховд аймгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, байгууллагаас 15 тоглоомын талбайд хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангахгүй, хүүхдэд эрсдэл ихтэй байсан  гурван  тоглоомын талбайг татан буулгаж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тэгвэл одоо ажиллаж буй 12 тоглоомын талбай нь бас л хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, цахилгаан дамжуулах шугамтай ойрхон, авто замын хурд сааруулагч байхгүй, зарим тоглоом, хашаа, саравч, хогийн сав нь эвдэрсэн зэрэг нийтлэг зөрчилтэй, эрсдэлтэй байсаар байна.  

Ховд аймгийн нийт хүн амын 35.6 хувийг хүүхэд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүний дотор 18 хүртэлх насны хүүхэд 36736 байна. Эдгээр хүүхдийн 35 хувь нь аймгийн төвд буюу Жаргалант суманд амьдардаг. 

Хүүхдийн тоглох орчин хамгийн аюулгүй, ээлтэй байж, эрүүл ахуйн стандартыг сахих учиртай. Иймээс цаашид аймгийн төвд байгаа хүүхдийн тоглоомын талбайд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхшинээр барих тоглоомын талбайг стандарт шаардлагад нийцүүлэн зураг төсөв гаргах, ашиглалт хамгаалалтыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг саналыг иргэд хэлж байна.



Холбоотой мэдээ