Б.Жавхлан: Төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүх боломжийг дайчилж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-31 16:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны улсын төсөвт тодотгол оруулах талаар хэлэлцсэн Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав


Тэрбээр мэдээлэхдээ, “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид цар тахлын үеийн болон олон улсын геополитиктой холбоотой дараалсан хүнд сорилтыг даван туулж ирэхдээ, эхний 2 жилд төсвийн тодотгол хийж байсан. Тэр үед төсвийн хүндрэлтэй нөхцөл байдал, орлого бүрдэлт маш дутмаг байсан тул төсвийн алдагдлыг нэмэгдүүлж ковидын хүнд үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн.


Хэдий тийм ч Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд гол төрлийн экспортын хэмжээ болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийн тогтвортой байдал хангах зорилгоор шат дараатай арга хэмжээг авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр эдийн засаг харьцангуй тогтворжиж улмаар оны эхний улиралд энэ байдал хадгалагдаж байна. Өнгөрсөн онд олон улсын байгууллагууд гадаад валютын нөөцийг 2 тэрбум доллар болно гэсэн хүлээлттэй байсан бол одоо 3.8 тэрбум долларт хүрээд байна” гэв.


Мөн тэрбээр, өнгөрсөн жилд төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулж энэ хэмжээгээр зардлаа өсгөлгүйгээр эдийн засгаа тогтвортой байлгаж мөнгөний бодлоготой яв цав нийлүүлж төсвийн зардлаа хумих мөчлөг сөрсөн бодлогоо хатуу барьж ирсний үр дүрд өнөөдрийн энэ эдийн засгийн өсөлт гарах тогтворжих  үр дүн гарлаа. Оны эхэнд бид “Century-2” төслийг амжилттай хэрэгжүүлж энэ онд тулж ирээд байсан гадаад өр дээр хэд хэдэн зохицуулалтыг хийсэн. Тухайн үед бид бондыг гаргахад 650 сая ам.долларын эх үүсвэр цуглуулна хэмээн зах зээлд гарсан бол 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн менежмент эдийн засгийн тогтвортой байдлыг сайн удирдаж чадаж байна гэдгээр гадаадын хөрөнгө оруулагч нарт итгэл үзүүлж байгаагаа харуулсан сайн үзүүлэлт болсон. Бид өнөөдөр гараад буй эдийн засгийн боломжоо ашиглан энэ цаг хугацаанд ард иргэддээ өрхийн орлогын түвшинд дэмжлэг болгож төсвийн зарцуулалтыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Энэ боломжийг ашиглаж тэтгэвэр тэтгэмж, зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гээд тулгамдаад буй асуудлыг шийдэхээр төсвийн тодотгол хийж байна. Үүнд:

  • Тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно. Хасагдаад байсан мөнгийн нөхөж олгоно.
  • Нийслэлийн автозамын түгжрэлийг арилгахад өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан хэдий ч гүйцэтгэл хангалттай явагдаж чадаагүйн улмаас 187 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ жил дутаад байсныг нэмж оруулж өгнө.

Ийм 5 зүйл дээр гол анхаарлаа тавьж энэ удаагийн төслийн тодотголоо хийнэ. Нийтдээ 1 их наяд 825.2 тэрбум төгрөгийн тодотгол хийж байна хэмээн мэдээллээ.


Төсвийн тодотголыг ямар хуулийн дагуу, ямар зүйл заалтад үндэслэн хийж байна гэсэн асуултад тэрбээр, Төсвийн хуулийн 34 дүгээр зүйл дээр төсвийн тусгай шаардлага буюу төсвийн тодотгол хийх эрх үүсэх шалтгааныг хуульчилсан байдаг гээд, тодруулбал, уг хуулийн 34.1.4 буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийж болно гэсэн заалтыг үндэслэн хуулийн хүрээнд тодотгол хийж байна гэв. Түүнчлэн 2023 оны Төсвийн тухай хуульд ДНБ-ийн 2.6 хувьд дотор алдагдлаа барина гэж заасан. Энэ хувь хэмжээнд  бид огт өөрчлөлт оруулахгүй. Энэ тусгай шаардлагыг хангаж ажиллана. Зарлага орлогоо тэнцүүлж ажиллана гэдгийг мэдэгдлээ.


Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ, “Зарлагын хэмжээ 1.8 их наяд төгрөг гэдэг бол бага тоо биш. Тийм учраас энэ жилийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжоо бид дайчилж ажиллана. Энэ хугацаанд гол экспортын түүхий эдийг бүх боломжоор нь экспортлоно. Хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Хилийн боомтууд дээр хийж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлна. Дээрээс нь бид юм л болвол нэг салбарын хууль ороод ирэхээр тэрийг дагаад татвараас хөнгөлж чөлөөлнө, НӨАТ-ыг хөдөлгөнө гэдэг татварын орлогын гол бүрэлдэхүүн хэсгийг оролддог зүйлүүдийг энэ жилдээ тэвчих ёстой. Ингэж байж бид энэ жилийнхээ орлогын бүрдүүлэлтийг хангаж зардлаа саадгүй санхүүжүүлэх ёстой. Нэмж хэлэхэд, энэ жил бид 36 сая тонн нүүрс гаргана гэж төсөвлөж байсныг 45 сая тонн гэж төсвийн мэдэгдэл дээр тусгаад 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллана гэв. 

Холбоотой мэдээ