ДУНДГОВЬ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дундговь
аймагт “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд
тэмдэглэв.
Энэ өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй 86 хүүхдэд баяр хүргэн гарын бэлэг гардуулж, “Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг сонсох, төрөх тасагт хэвтэж буй ээжүүдийг баярлуулж, мэндлээд удаагүй шинэ иргэнээ мялааж, хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, хүүхэлдэйн жүжиг, өртөөлчилсөн аялал, уралдаан тэмцээн гээд олон үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн ёслолын
үйл ажиллагаа аймгийн төв талбайд болж, энэ үеэр шугаман бүжиг, “Хүүхэд бүхэн
инээж байг” флаш моб, “Нэгдүгээрт хүүхэд” урлагийн тоглолт болжээ.
Энэ өдрөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нэг охин, нэг хүү төржээ. Энэ үеэр Засаг дарга, аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга Ц.Мөнбат тус тасагт амаржаад удаагүй 10 ээжтэй ярилцан, санал бодлыг нь сонсож, хүндэтгэл илэрхийллээ.
“Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлэгт Сайнцагаан сумын 5 сургуулийн 350 хүүүхэд оролцож, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр өөрсдөө илтгэл тавьж, аймгийн удирдлагуудаас сонирхсон асуултаа асууж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах саналаа хэлж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
“Ид шидийн орон-Дундговь” “Чихрээс үнэтэй дурсамж”
өртөөчилсөн аялал зохион байгуулж, хогоо ангилан ялгах, найз байх буюу
нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, үндэсний өв соёлоо таниулах, оюун ухаанаа
хөгжүүлэх, өөрийн хүч чадлыг сорих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь хүүхдүүдэд маш их таалагджээ.
Түүнчлэн Төв халхын дуулалт жүжгийн театр баярын тоглолт
үзүүлж, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжиг, “Дэлхий
дүүрэн хүүхэд нас” концерт тоглож, “Хайр уу, краш уу” цэнгүүн зохион
байгуулжээ.
Мөн унадаг дугуйн уралдаан, гүйлт, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, нээлттэй микрофон ажиллуулсан юм.
Дундговь аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 16621 хүүхэд
байгаа нь нийт хүн амын 35,2 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээнд хагас өнчин
хүүхэд 494, бүтэн өнчин хүүхэд 29, хөгжлийн бэрхшээлтэй 184 хүүхэд байдаг.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймаг, сумын ЗДТГ, ГБХЗХГ, Төв халхын дуулалт жүжгийн театр, БШУГ, СУГ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Ид шидийн орон, Хүүхдийн парк, сургуулиуд гээд хүүхдийн боловсрол, хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг бүх байгууллагууд хамтран ажилласан байна.