ОРХОН: Д.Тунгалаг: Гамшгийн төлөвлөгөө гэдэг бол өөрийгөө хамгаалах төлөвлөгөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-07 13:51:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монголчууд гэнэтийн гамшиг, осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг урьдчилан тооцоолж бэлтгэл, бэлэн байдлаа хангаагүйгээсээ болж ихээхэн хохирол амсдаг. Бэлтгэл, бэлэн байдлын аргачлалыг Улаан загалмайн нийгэмлэг, ОБГ сургалт, зөвлөгөө, мэдээллээрээ дамжуулан зааж өгдөг ч ойшоож, ач холбогдол өгдөг нь цөөн юм. Энэ талаар Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалагтай ярилцлаа.

 

-Монголчууд ямар ч эрсдэлд бэлэн байдаггүй. Эрсдэлээ ч тооцоолдоггүй, төсөөлдөггүй, төлөвлөдөггүй. Үүнийхээ горыг ч амсдаг. Яаж хэлвэл ойлгох бол?

-Нэг жишээ хэлье. Японд нэг удаа газар хөдлөхөд, дөрвөн ам бүлтэй айлын аав нь аранзаа аваад, ээж нь бага хүүхдээ тэврээд гэрээсээ яаралтай гарсан байгаа юм. Гарч ирсэн хойноо том хүүхдээ хэн нь ч аваагүйгээ мэдээд эргээд орох гэтэл байшин нурж хүүхэд нь нурангид дарагдаж нас барсан байсан. Энэ бол маш харамсалтай тохиолдол. Хэрэв энэ айл “Өрхийн гамшигт бэлэн байдлын төлөвлөгөөтэй байсан бол “За газар хөдлөлтийн үед хэн, хэнийгээ авч гэрээсээ гарах, яаж, хаагуур гарах, хэрэв тус тусдаа гарсан бол хаана эргээд цугларах, эргээд яаж холбоо барих вэ” зэрэг зохион байгуулалтаа нэг бүрчлэн ярилцаж дадлага, сургууль хийж эрсдэлгүй давж болох байсан. Тэгэхээр “Өрхийн гамшигт бэлэн байдлын төлөвлөгөө” гэдэг бол хүн бүрд хамаатай асуудал юм. Өөрийгөө хамгаалахыг хүсэж байгаа хүн бүр мэдэх ёстой мэдлэг, мэдээлэл юм.

Бас хэдэн жилийн өмнө Орхон аймагт үерийн аман дээр буусан нэгэн айлд маш харамсалтай зүйл тохиолдсон. Тэр айл хөдөөнөөс шилжиж ирээд гэр хорооллын захад үерийн суваг дээр гэрээ барьчихсан байсан. Багийн Засаг дарга, ажлын албанаас нь энд бууж болохгүй, гэнэтийн үер буудаг эрсдэлтэй газар гэж хэлэхэд, “Би монгол хүн, хаана амьдрахаа та нараар заалгахгүй” гээд зөрүүдэлсээр төвөхнөөд авсан байгаа юм. Тэгсэн тэр хавар шар усны үер буугаад ой зургаан сартай хүүхэд нь гэртэйгээ хамт усанд урсаад амь эрсэдсэн. Хачин их нандигдаж, хайрлаж байсан хүүхэд нь гэр орон хамаг юмтайгаа хамт урсаад өнгөрөхөд ээж нь гэртээ байсан хэрнээ яаж ч чадаагүй байгаа юм. Тэгэхээр өрхийн гамшигт бэлэн байдал гэдэг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг л хэлж байгаа юм. Ийм учраас хүн бүр гамшгийн тухай мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд ач холбогдол өгөх нь чухал. Хэрэв тэдэнд төлөвлөгөө байсан бол эрсдэлийг хохирол багатай туулна гэсэн үг.


-Өрхийн гамшигт бэлэн байдлын төлөвлөгөөнд юу юуг тусгах ёстой вэ?

-Гамшгийн төлөвлөгөө гэдэгт хүмүүс хувцас, хунараа бэлдэх тухай л ойлгодог. Дээр хэлсэнчлэн өрх бүрийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай зохион байгуулалтын төлөвлөгөө юм. Гамшгийн үед хэн хэнийгээ авч хэзээ гарах хаана уулзахаа мэддэг байх, хоёрдугаарт, гэрийнхээ хүнд тавилгуудыг хананд нэмэлтээр бэхэлж аюулгүй байдлаа хангах, ханандаа шилтэй жаазтай зураг өлгөх үү, шилгүйг нь өлгөх үү гэдгээ мэддэг байх, гуравдугаарт, өрхийн гишүүн бүрийн тоогоор аранз буюу яаралтай үед хэрэглэх үүргэвчээ бэлдэх хэрэгтэй юм. Энэ аранз дотор 15 нэр төрлийн зүйлсийг бэлдэж яаралтай үед аваад гарахад зориулж ил байлгах ёстой. Аранз доторхыг ядаж 3 хоногийн хугацаанд хэрэглэчих хэмжээгээр бэлдэнэ.


-Бороо орох нь гэрийн хойно тогоогоо хөмрөөд тавь, гэр, хашаагаа тойруулаад ухсан суваг, шуудуугаа нэг эргээдэх гээд эмээ, өвөөгийн хэлж байсан нь санаанд буулаа л даа. Бид өмнө нь өөрсдийгөө хамгаалах аргаа сайн мэддэг байсан хэрнээ одоо яагаад юу ч мэдэхээ байв аа?

-Уламжлалаа мартсаных байх, зарим үед хэт хотжоод бүх зүйл өөрчлөгдсөнтэй холбоотой байх. Гэхдээ л бид одоо ч гэсэн монгол гэрээ бариад амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүчтэй салхинаас гэрээ хамгаалж гэрийн даруулга, бэхэлгээг сайн хийх хэрэгтэй, гэрээ усанд автуулчихгүйн тулд гэрээ тойруулаад суваг, шуудуу ухах хэрэгтэй. Энэ бол наад захын мэдэх ёстой зүйл. Ингэж байж л гамшгийг эрсдэл багатай давна шүү дээ. Ер нь хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, мэдээлэлд ач холбогдол өгч өөрийгөө болон хүүхдүүдээ ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадлыг бий болгох хэрэгтэй юм. Монголчууд бусдын хэрэгт хошуу дүрэх дуртай учраас өөрийнхөө амьдралд анхаарах зав гардаггүй мэт заримдаа санагддаг. Үүнийгээ л өөрчлөх хэрэгтэй.


-Монголчууд ер нь амьдралдаа юуг чухалчилдаг вэ?

-Монголчууд нэр төр, гадаад үзэмж, эд хөрөнгөдөө хайртай болохоос биш өөрийнхөө эрүүл мэнд, амь насанд хайртай биш. Эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг маш бага судалдаг. Хэрэв монгол эр хүнээс “Та машиныхаа бүтцийг зураач” гэвэл нэгд нэгэнгүй зурна. Харин өөрийнхөө эд эрхтнийг өнөөдрийн байдлаар ямар байна, өвчилж үү үгүй юу гэдгээ хэлээдэх гэвэл хариулж чадахгүй. Тиймээс амьдралд юу чухал, юу чухал биш вэ гэдгээ ялгаж сурах хэрэгтэй санагддаг.

Мөн манай монголчууд бусдыг үргэлж буруутгадаг. Тэнгэр муухай байна, салхитай байна гээд л. Тэгвэл гарахаа больчих л доо эсвэл алчуур, шил зүүгээд гар. Алчуур, шил зүүнэ гэдэг өөрийгөө бэлдээд гарч байсан гэсэн үг биз дээ. Түүн шиг эрсдэлийг тооцоол тэгээд бэлд. Тэгвэл эрсдэлийг хохирол багатай давна бас эрсдэлээ удирдаж өөртөө ашигтайгаар эргүүлж чадна л гэсэн үг.


-Та Орхон аймгийн Улаан загалмайн хорооны даргаар 20 гаруй жил ажиллаж байгаа. Олон хүн, байгууллагад сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн байх. Үр дүн нь хэр гарч байна, танд мэдэгдэж байна уу?

-Байгууллагуудад гамшгийн төлөвлөгөө гээд ярихаар ажилчид нь бүгд дарга руугаа хардаг. Дарга л мэднэ. Эсвэл танай аврах гарц хаана байна гэхээр, бас л дарга руугаа хардаг. Дарга бүх зүйлийг ганцаараа мэднэ гэсэн үг биш. Гамшгийн төлөвлөгөөг хүн бүр мэддэг байх ёстойгоо ухамсарладаггүй. Энэ бол монголчуудын сул тал. Нөгөө талаас Улаан загалмайн хороог халамжийн байгууллага шиг ойлгодог. Бид хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай үед үзүүлэхийн зэрэгцээ төрдөө нэмэлт хүч болон ажилладгаараа онцлогтой. Өөрсдийнх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь хамгаалах талаар зааж байхад утсаа оролдоод суучихна эсвэл ажилтай гээд гараад явчихна. Ер нь хэн мэднэ тэр л өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна шүү дээ. Тэгэхээр сургалтын үр дүнг тухайн хүн өөрийгөө хэрхэн хамгаалснаар л дүгнэх байх. Нөгөө талаас ямар ч байгууллагад аваарийн нэмэлт гарц байх ёстой. Түүнийг хүн бүр л мэддэг. Гэтэл бодит байдал дээр, аваарын гарцаа хаагаад ямар нэг зүйл тавьчихна эсвэл аваарын гарцынх нь түлхүүр доор нэг давхарт жижүүрт нь хадгалаастай байх жишээтэй. Уг нь тэр түлхүүр нь гарцынхаа хажууд өлгөөтэй байх ёстой. Тэгээд гэнэт гал гарвал доошоо буугаад түлхүүрээ аваад дээш гарч аваарын гарцаараа гарах юм байна л даа. Ийм боломж гарахгүй шүү дээ. Тэгэхээр гамшигт бэлэн байна гэдэг нь өөрийгөө хамгаалж байгаа гэдгээ маш сайн ухамсарлаж сургалт, судалгаа, мэдээллийг цаг алдалгүй уншиж, өөртөө дадлагажуулж, үр хүүхдэдээ зааж сургах ёстой. Хүүхдээ хайрлана гэдэг ийм л зүйлээс эхэлж байдаг. Ер нь монгол хүн дахин суралцах хэрэгтэй л гэж хардаг. Өмнөх уламжлалаа мартсан, гээсэн, үл тоосон энэ үед дахин суралцах, судлахаас эхлэх байх. Бид өмнө нь зөв хооллодог байсан бол одоо хэтрүүлэн идэж байгаатай адил өөрсдийгөө, байгаль дэлхийгээ хайрлаж мэддэг байсан бол одоо бүгдийг мартсан. Түүнийгээ сэргээх хэрэгтэй гэж харж байна.

Эцэст нь хэлэхэд,  Улаан загалмайн нийгэмлэг нь ЭНЭРЭНГҮЙ БАЙ, ШУДАРГА БАЙ, САЙН ДУРЫН БАЙ, ТҮГЭЭМЭЛ БАЙ, НЭГДМЭЛ БАЙ, ТӨВИЙГ САХИСАН БАЙ  гэдэг зарчимтай. Энэ зарчим хүний амьдрал, хандлагыг ямар их өөрчилдгийг өөрийн биеэрээ мэдэрч явна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ