БАЯНХОНГОР: Б.Оюунбаатар: Бүх талаар хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэхийг зорьсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-15 09:37:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын наадмыг зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор хотноо зохион байгуулна. Хонгор нутгийнхан Хүүхдийн спортын наадмын бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд холбогдох зарим зүйлийг аймгийн БТСХ-ы дарга Б.Оюунбаатараас тодрууллаа.


-Баянхонгор аймгийн баг тамирчид наадмын бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Монголын Хүүхдийн спортын зуны спортын VII наадмыг анх удаа хөдөө орон нутаг зохион байгуулах саналыг манай талаас өгч, БТСУХ дэмжсэнээр наадмын бэлтгэл ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймаг спортын наадмын анхан шатны тэмцээнийг спортын 13 төрлөөр зохион байгуулж, 19 сум, найман сургуулийн 800 гаруй тамирчин оролцон аваргуудаа шалгаруулсан. Шигшээ тэмцээн буюу зуны наадмынхаа үйл ажиллагаанд Баянхонгор аймгаас 204 тамирчин спортын 13 төрөлд хүч үзэх эрхээ олж авч, бэлтгэл сургуулиа базааж байна.


-Наадам 23 төрөлд аваргуудыг шалгаруулна гэж байсан. Тэгэхээр Баянхонгорт шинэ төрлийн спорт цөөнгүй байх нь ээ.

-Тэр тухайд харин маш өөдрөг, шинэ хүлээлттэй байна. Буудлага зэрэг манайд хөгжөөгүй спортуудын тэмцээн уралдааны дараа бидэнд тухайн спортыг хөгжүүлэх байгууламж, туршлага зэрэг нь үлдэх учир их олзуурхаж байгаа. Мөн спортын холбоодтой нягт хамтарч ажиллаж байгаа маань бидэнд таатай боломжийг нээж өгч байна. Наадмын дараагаас хүүхдүүд маань спортын бүх төрлөөр хичээллэх боломжтой болж үлдэх нь хамгийн том давуу тал.


-Баянхонгор аймгийн хувьд хүн амаа эрүүл чийрэг байлгах тал дээр нэлээд үйл ажиллагааг зохион байгуулдаг гэж санагддаг. Энэ талаарх сайн туршлагаа хуваалцвал?

-Аймгийн ИТХ, Засаг даргын захирамжаар нийт иргэдийнхээ дунд өөрт тохирсон дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх нөлөөллийн ажлыг хийж, аймгийн 90 мянга шахам хүн амын 40 мянга орчмыг хамруулж чадсан. 

2022 оноос хийсэн бүтээн байгуулалтуудад наадмын гол үйл ажиллагаанууд өрнөнө. Оготнот булаг спорт байгууламжид гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, крикет зэрэг спортын төрлүүдийн талбайг барьж байгуулсан. Тэнд спорт талбайнуудаас гадна хүүхэд, хөгшдийн нас насанд тохирсон эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний багаж сэлт, хүүхдийн тоглоомын талбай зэргийг байгуулж өгсөн нь эрүүл цэнгэг агаарт бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Түүнээс гадна хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн бий. Тус талбайнуудад хүүхдүүд бүх чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлж, спортоор хичээллэж байгаа нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл чийрэг иргэн болох том боломжийг нээж өгч байна. 


-Наадмын бэлтгэл ажлын явцыг товч танилцуулна уу?

-Наадмын бэлтгэл бүрэн хангагдсан. Баянхонгор аймаг нь их спорт, үндэсний спортын суурьтай бөгөөд массын үйл ажиллагаа зохион байгуулах туршлага хангалттай бий. Манай аймаг Бага олимпыг хоёр удаа зохион байгуулсан, нэмээд энэхүү наадмыг амжилттай зохион байгуулснаар бусад аймагт томоохон туршлага, үлгэр дуурайл болох юм. 


-Зохион байгуулалтын онцлог ажлуудаас дурдвал?

-“Хог биш ээ, мөнгө” аяныг Баянхонгор аймаг амжилттай өрнүүлж байгаа. Энэ хүрээнд хатуу эдлэлийг ангилж ялган цуглуулж бутлуурт оруулаад хайлуулан пластик болгон тэмцээн уралдааныхаа медалийг хийх санаачилга гарсан. Аймгуудад хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулж ашиглаж хэвших дадлыг энэ ажлаараа уриалж, наадамд оролцогч хүүхдүүдээрээ нөлөөллийн бүлэг бий болгох юм. 

Наадмын туршид гарах үйл ажиллагаа, үйлдэл бүхэн эрүүл-эко байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тамирчдын хоол ундны асуудалд ч эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүнүүдээр бэлтгэх, хог хаягдлыг нь мөнгө болгох зэрэг төлөвлөлттэй байгаа. Тухайлбал, наадмын үеэр ууж хэрэглэсэн ус, ундааны хуванцар савуудыг хүүхдүүд маань хуванцар хүлээн авах автомат төхөөрөмжид хийж нэг бүрийг 30 төгрөгөөр үнэлэн бага гэлтгүй мөнгөн урамшуулал авснаар тухайн үйлдэл дадал хэвшил болох боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн спортын наадмын өдрүүдэд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг түр хориглох захирамж гарсан. Бүх талаар хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. 


-Асуултгүй хором.

-Ингэхээр Баянхонгор аймагт 10 хоногийн турш спортоор амьсгалсан, үзэж харах юмтай, бизнес хүрээгээ тэлсэн, дэвшил гарсан, шинэ спорт хөгжсөн сайхан өдрүүд болох нь. Бид тус наадмаар Хүүхдийн спортын наадмын өндөр зохион байгуулалтыг харуулсан, жишиг үйл ажиллагаа бүхий наадам болно гэдэгт итгэлтэй байна. 

-Баярлалаа.

Холбоотой мэдээ