ДУНДГОВЬ: Монгол Улсын мэргэн Ш.Жамбасамбуугийн нэрэмжит харвуул наадамд 12 аймгийн харваач оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний сурын ууган мастер, Монгол Улсын мэргэн
Ш.Жамбасамбуу агсны нэрэмжит харвуул наадмыг Дундговь аймгийн Мандалговь хотноо
6 дугаар сарын 17-18 өдрүүдэд зохион байгуулав.
Тус наадамд 12 аймгийн 160 гаруй харваач оролцсоноос Монгол Улсын цолтой 20, аймгийн цолтой 32, Спортын мастер цолтой 60 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьжээ.
Харвуул наадамд эрэгтэй харваачдаас Өвөрхангай аймгийн уугуул, “Их өв” багийн харваач, Монгол Улсын гоц харваач П.Явуухулан түрүүлж, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, “Онч мэргэн” багийн харваач, спортын мастер О.Дашдондов, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер С.Анхмандах, Багануур дүүрэг, “Уурхайчин” клубын харваач, Монгол Улсын гарамгай харваач Н.Өлзийбилэг, Завхан аймгийн уугуул, спортын мастер Л.Дашнянжил нар удаалав.
Харин эмэгтэй харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их өв” баг, АПУ ХК-ийн харваач, Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам түрүүлж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, “Ёл мэргэн" холбооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Бямбаа, Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, Чингис хааны дэлхийн академийн харваач, Монгол Улсын дархан мэргэн Х.Оюунчимэг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Мондэ” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Л.Мөнхзул, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Өвөг уухай” багийн харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа нар удаах байруудад шалгарсан байна.
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Ш.Жамбасамбуу 1959 онд Улсын баяр наадмаар 20 сум тавьж, 19 онон түрүүлж, Монгол Улсын мэргэн, спортын мастер цол хүртэж байжээ. Түүний үр хүүхдүүд санаачлан Монголын үндэсний харваачдын холбоо, аймгийн ЗДТГ, БТСХ хамтран улсын чанартай том наадмыг Мандалговь хотноо анх удаа ийнхүү зохион байгуулсан юм.