БАЯНХОНГОР: "Бүргэд" боксын клубийнхэн УАШТ-д амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-20 09:39:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын 2023 оны улсын аварга шалгаруулах "Олимпын гараа" тэмцээнд 49 байгууллагын 487 боксчин хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.


Тэмцээнд Баянхонгор аймгийн "Бүргэд" боксын клубийн дөрвөн тамирчин оролцож, бүгд эхний байруудад шалгарсан бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, өсвөрийн тамирчин Г.Энхгэрэл алтан медаль, "Шилдэг тамирчин"-ы цомын эзэн болсон бол М.Билгүүнболд мөнгөн медаль, Б.Мөнх-Эрдэнэ, О.Амартайван нар хүрэл медаль хүртсэн байна.


Олимпын гараа тэмцээн энэ жилээс эхлэн бага насны УАШТ нэрээр болж байгаа аж. Бага насны анхдугаар УАШТ-д манай улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүдээс гадна Казакстан, ОХУ-ын Буриад улсаас тамирчид ирж оролцжээ. Тэмцээн 11-12, 13-14 насны ангиллаар охид хөвгүүдийн 22 жинд болж аваргуудаа тодруулсан байна.


Сонирхуулахад, Олимпийн аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга П.Сэрдамба болон МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй монголын шилдэг ширэн бээлийтнүүд энэ тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг.

Холбоотой мэдээ