ДУНДГОВЬ: Соёлын цогц үйлчилгээг 15 сумын иргэдэд хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-20 11:24:53
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд 6 дугаар сарын 12-18-нд Дундговь аймгийн 15 сумын иргэдэд соёл, урлагийн цогц үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгч, сумын соёл урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжууллаа.


Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго дор Соёлын яам, Улсын хүүхэлдэйн театр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Дундговь аймгийн соёл урлагийн байгууллагууд 3 баг болон хамтран ажиллажээ.


Сум бүрд зохион байгуулсан соёлын цогц үйлчилгээ нь орон нутгийн соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, орон нутгийн иргэдэд соёлын боловсрол олгох, урлагийн тоглолт гэсэн гурван хэсгээс бүрдэж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг болсон юм.


“Дуу хуур-Өв соёлын өлгий нутаг” Дундговь аймгийн хувьд сум бүрд өөр өөрийн онцлог, түүх, өв соёл буй. Түүнчлэн урлаг, соёлын маш олон алдартан гавьяатан тус аймгаас төрөн гарсан байдаг нь энэ нутгийн хүн зоны нэгэн бахархал, үнэт зүйл юм.


Энэ үеэр сум бүрд “Соёлын сэргэлт-2023 аян, соёлын салбарын бодлого", “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хөгжлийн чиг хандлага”, “Цуглуулгын менежмент”, “Үндэсний цахим номзүйн сан”, “Номын сангийн нэгдсэн систем”, Номын сангийн соёл олон нийтийн ажил”, “Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт”, “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж арга зам ба Франчайзинг” зэрэг сэдвээр сургалт, лекц, хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилгоор шигтгээн урлал хийх, үлгэрийн баатруудыг амилуулах зэргээр хамтран бүтээл хийж, Үндэсний музей болон аймгийн музейн шилдэг үзмэрүүдийг АR технологиор үзүүлжээ.



Монгол Улсын хүүхэлдэйн театр уран бүтээлээ толилуулж, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Бүрнээбаяр, Гавьяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаа, дуучин Т.Даваасүрэн, ЦДБЭЧ-ын дуучин Д.Алтанхүү, Н.Нямдаваа, Уранболор нарын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, сумын уран буүтээлчид, Ардын язгуур урлагийн Алтай хамтлаг, амьд хөгжмийн “Аянга” гээд олон уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав.


“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд соёл урлагийн цогц үйл ажиллагааг хөдөөгийн сумын иргэдэд хүргэж, соёлын үрийг түгээсэн, хамтран ажилласан бүх байгууллага, уран бүтээлчдэд аймгийн Соёл урлагийн газрын хамт олноос талархаж буйгаа илэрхийлжээ.





























Холбоотой мэдээ