Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-06 12:38:34

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцаж, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ч.Өлзийсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт  “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Цэцийн дунд суудлаар хуралдаанаас уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн хоёр дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд цэцийн дүгнэлтийг хүлээж аваад төрийн үйлчилгээний албан хаагчдын сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгөхөд чиглэсэн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй тул цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд