ДУНДГОВЬ: Европын холбооны Элчин сайд Аксель Никейз Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-21 17:18:07
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав.


Тус аяллын бүрэлдэхүүнд Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хөтөлбөр хариуцсан менежер Э.Болор, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер Б.Нинжин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Х.Отгонгэрэл нар багтсан байв.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн нийгэм, эдийн засаг, мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, цөлжилтийн эсрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын түүхий эд, сүү цагаан идээ боловсруулах аж ахуйн нэгжийг дэмжих, гидропоникийн аргаар малын тэжээлийн ургамал тариалалтыг бий болгох зэрэг ажлыг төлөвлөн шат дараатай хэрэгжүүлж байгаагаа танилцуулан санал солилцжээ.   


Европын орнуудад эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж, малын амьдын жингийн 80 хувь нь эдийн засгийн өндөр ашигтай байдаг бол Монгол Улсад бэлчээрийн малын махны жин бага байгаа тул эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг тэрбээр онцолжээ.  


Элчин сайд Аксель Никейз уулзалтын үеэр Европын холбооноос Монгол Улсад ихэвчлэн орон нутгийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлийн төслүүд хэрэгжүүлж байгааг онцолж, ойжуулалт болон тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр орон нутагт төсөл хэрэгжүүлэх ямар боломж байгааг судлах, цаашлаад малын гаралтай түүхий эдийг Европын орнуудад экспортлоход дэмжлэг үзүүлэх боломж байгаа гэжээ.


Дундговь аймаг цөлжилтийг бууруулах чиглэлээр мод тарьж, ногоон байгууламж бий болгоход санаачилгатай ажиллаж байгааг Элчин сайд сайшаасан бөгөөд аяллын багийн гишүүдийн хамт Мандалговь хотын төв сааданд мод тарьсан хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 






Холбоотой мэдээ