Б.Өлзийбаяр: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь мөнгөн орлогын баталгаатай байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-22 11:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Бичил глобус финанс” ББСБ-ын “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-иас олон нийтэд гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан “Бичил 2” үнэт цаасыг өнөөдрөөс арилжиж эхэллээ.


Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг үнэт цаасыг олон нийтэд, нээлттэй хүрээнд санал болгон гаргаж байна. Нийт татан төвлөрүүлэх 20 тэрбум төгрөгийг автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгийг багц болгон шилжүүлэн худалдан авахад зарцуулж, бизнесийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх буюу зээл олгох үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга мэдээллээ.


“Бичил 2” нь он гарснаас хойших Хөрөнгийн бирж дээр гарч буй хөрөнгөөр баталгаажсан 6 дахь үнэт цаас болж байна. Үндсэн андеррайтерээр “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны онцлогийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяраас тодруулав.


Тэрбээр, хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн нь өөр өөрийн эрдсэлтэй байдаг гэдгийг тодотголоо. Үүгээр ангилан авч үзэхэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, бондын дараагаар ордог, эрсдэл багатай, илүү найдвартай хөрөнгө оруулалт болдог. Учир нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард баталгаатай хөрөнгө байдаг, ирээдүйн мөнгөн орлого нь найдвартай байдаг гэдгээрээ онцлог юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эргэн төлөлтийг СЗХ-ны зөвшөөрөлтэй, мэргэжлийн, хөндлөнгийн байгууллага хийдэгт ач холбогдол оршдог гэв.


Уг үнэт цаасны өгөөжийн түвшин (хүү нь 18.8 хувь) өндөр, тогтмол өгөөжтэй уг бүтээгдэхүүний хүүгийн орлогын албан татвар 5 хувь зэрэг онцлогтой гарч байна. 


Хөрөнгийн зах зээлд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дундаж хүү 16.4 хувь байсан бол энэ удаа “Бичил 2”-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас дундаж хүүгийн түвшнээс өндөр буюу 18.5 хувийн хүүг олон нийтэд санал болгож байна.


-Хөрөнгийн зах зээлийн өгөөж урт хугацаанд гардаг. Гэхдээ энэ зах зээл дээр олон ААН сар бүр IPO хийн нэлээн идэвхжиж байна. Хүү нь өндөр байна. Энэ талын мэдээллийг иргэд хаанаас тогтмол авч арилжаанд оролцож хувьцаа хүртэх вэ? Энэ талаар та иргэдэд юу хэлэх вэ?

-Нэг үеэ бодвол манай улсад хөрөнгийн зах зээлд оролцож буй хөрөнгө оруулагч нар олширч байна. Хүмүүсийн санхүүгийн талын мэдлэг, боловсрол сайжирч байна. Гэхдээ таны хэлсэнчлэн хангалтгүй, хүртээмж тааруу байгаа нь үнэн. Тиймээс нийтийн санхүүгийн боловсрол, сургалт чухал юм. Энэ бол өгөөж хүртэх, оролцох гээд аль аль нь удаан хугацааны үйл явц. Өнөөдөр болж буй үйл ажиллагааны мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагуудаас авч байхыг зөвлөж байна.


-Танайх нэг сарын дотор 3 төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон ажиллаж байгаа гэсэн. Ачаалал, хүртээмж хэр байна?

-Бид 6 дугаар сарын эхээр “ХасБанк”-ны IPO-г хийхэд андеррайтерээр оролцсон. Мөн “Бид” ББСБ-ын бондыг олон нийтэд санал болгоход ажилласан бол өнөөдөр “Бичил 2” гэсэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нээлттэй арилжихад оролцож байна. Үүгээр бид хөрөнгийн зах зээлд шинэ хуудсыг нээж байна гэв. 



Холбоотой мэдээ